Ярилцлага: ИМ Д.Шаравдорж

Монгол Улсын гурван удаагийн аварга, Монголын анхны шатрын их мастер Д.ШАРАВДОРЖТОЙ ярилцлаа.

Тэрээр Америкт таван жил ажиллаж амьдарч байгаад саяхан эх орондоо ирсэн юм.

-Хол явсан хүнээс үг сонс гэдэг. Таны сүүлийн хэдэн жил ажиллаж, амьдарсан Америкийн шатрын талаар яриагаа эхлэх үү?

-Америкт хүний оюуны үнэлэмж, хөдөлмөрийг өндөр хэмжээнд үнэлдэг юм билээ. Энэ нь юугаар илэрсэн бэ гэвэл тэнд шатрын спортыг өндөр хэмжээнд хөгжүүлэн дэлгэрүүлж байна. Хүний оюуны хөдөлмөрийг дээд хэмжээнд үнэлдэг. Ард түмэн нь ч гэсэн оюуны спортоор хүүхдээ хичээллүүлэх их дуртай. Энэ нь надад маш их таалагдсан.

-Тэмцээн уралдаан олон болно гэсэн үг үү?

-Тийм ээ. Дэлхийн хэмжээний таван нээлттэй тэмцээн болдог. Хоёрдугаар сард Foxwood, тавдугаар сард Чикаго, зургадугаар сард National, долдугаар сард World, наймдугаар сард “US” нээлттэй тэмцээнүүд болдог. Эдгээр нээлттэй тэмцээнд доод тал нь 30 орчим их мастер оролцдог. Үүнээс гадна сар бүр үндэсний нээлттэй тэмцээнүүд, мөн долоо хоногийн баасангаас ням гаригт нээлттэй тэмцээн болдог. За тэгээд тэмцээний дундуур болон хагас, бүтэн сайн өдрүүдэд блиц болон түргэн тоглолтын тэмцээнтэй. Долоо хоног бүрийн тэмцээн нь 5-6 өрөг тоглодог болохоор шатарчин бүр хожихын төлөө асар их чармайна.

-Шагналын хувьд хангалттай юу?

-Хэн сайн тоглоно тэр шатарчин их л шагнал авна. Байр эзлүүлэхдээ авсан онооны дагуу шагналыг хувааж өгдөг. Манай улсад бол коэффицент тоолж шагналт байранд шалгаруулдаг. Америкт бол өөр. Коэффицент тоолж байр эзлүүлэхэд өөрөөс шалтгаалахгүйгээр тоглосон хүн нь муу тоглох, тэмцээн орхисноос болж шагналгүй хоцордог муу талтай. Тэргүүн байрын цомын төлөө бол нэмэлт тоглолт хийж аваргыг тодруулдаг. Мөнгөн шагналаа бол бүгд ижил авах жишээтэй.

-Жишээ хэлбэл?

-I-IV байрны мөнгөн дүнгийн нийлбэрийг ижил хувааж мөнгөн шагналыг нь олгодог гэсэн үг.

-Та Америкт тэмцээнд оролцсон амжилтаасаа дурдах уу?

-Би Денвер хотод амьдарч байсан. Мужийнхаа таван удаагийн аварга болсон. Дэлхийн нэр хүндтэй нээлттэй тэмцээнүүдэд оролцож 2004 онд Чикагод хоёрдугаар байр, мөн 2005 онд тавдугаар байр. “National open”-д 2005 онд түрүүлсэн, 2006 онд Лас-Вегаст зургадугаар байр, 2008 онд Роберт Фишерийн нэрэмжит тэмцээнүүдэд түрүүлсэн гээд багагүй амжилттай тоглосон.

-Үүнийгээ та сайн тоглосон гэж бодож байн уу?

- Өөрийн амжилтад өөрөө үнэлгээ өгөх нь зүйд нийцэхгүй л байх. Үүнд шатарчид, сонирхогчид, мэргэжилтнүүд дүн тавих биз дээ. Зарим тэмцээнд боломжоо алдаж л байв. Гэхдээ алдаагаа давтахгүй л байвал жинхэнэ тамирчин гэдэг. Америкийн тэмцээнүүд шагнал өндөртэй болохоор таван тивээс олон шилдэг шатарчин ирж оролцдог. Нэг тэмцээнд 3-5 их мастертай оноолт таарна. Амар амжилт гэж байдаггүй болохоор бэлтгэлээ сайн хийж тэдэнтэй ана мана үзэж байж хоолны мөнгөө олно доо.

-Тоглосон их мастеруудаасаа нэрлэвэл?

-А.Шабалов, А.Онищук, Ж.Бенжамин, Ж.Вессера, А.Родригес, З.Качашвили, Дэлхийн цомын аварга Гата Камский гээд 40 гаруй шилдэг их мастеруудтай тоглон хожиж, хожигдож л явлаа. Анх Америкт ганц хоёрхон тэмцээн мужийн хүрээнд явагдаж байсан юм билээ. Одоо бол муж бүр нь салбар холбоотой. Дэлхийд нэр хүндтэй нээлттэй тэмцээнийг олон болгосон нь мэргэжлийн шатарчин олныг бэлтгэж чадсан. Манай улс гадаад харилцаагаа сайжруулан жилдээ 3-4 олон улсын тэмцээн эх орондоо зохиогоод байвал тоглолтын түвшин нь эрс дээшилнэ дээ. Санаачилга багатай байгаа нь харагдаад байна. Ирснээсээ хойш “Монкад” клубын тэмцээнд орлоо. Шагналын сан нь 500 мянган төгрөг байсан нь чамлалттай санагдлаа. Тэргүүн байрны шагналыг 500 мянгаас дээш болгох хэрэгтэй. Оюуны спортын үнэлэмж бага учраас шатраар хичээллэгсэдийн тоо нэмэгдэхгүй байна.

-Шагналыг нэмж болох байх. Харин оюуны спортыг хөгжүүлэх өөр ямар хувилбар байна вэ. Та олж харав уу?

-Зиндаа зиндаагаар нь тэмцээн хийх хэрэгтэй. Америкт нэг нээлттэй тэмцээн гэхэд 2000, 1800, 1600 хүртэл рейтингтэй, рейтинггүй шатарчдын гээд тав, зургаан шатны ангилалтай болдог. Энэ нь олон хүнийг хамруулж шатрыг сайн сурталчилдаг юм билээ. Шагнал нь ч боломжийн. Рейтинггүй шатарчдын хэсэгт түрүүлэхэд л 1000 ам.доллар авах жишээтэй. Тэгээд зиндаа ахих тусам шагнал нь өндөр болно. -Олон их мастертай тогложээ. Тоглолтын харьцаа ямар гарав? -Тоглосон их мастеруудын олонхийн рейтинг 2600-аас дээш дэлхийн шилдэг 100 шатарчины жагсаалтад бичигддэг хүмүүс байв. Хуучны ЗХУ, Япон, Герман, Куба гээд олон шатарчин Америкийн иргэн болцгоосон. Оюуныг дээдэлдэг учраас шатарчдыг иргэнээ болгох дуртай байдаг юм билээ.

-Танд иргэншлээ солих бодол байв уу?

-Үгүй, үгүй. Би чинь Монголдоо их өртэй хүн шүү дээ. Энэ хэмжээний боловсролтой болгох, өдий хэмжээний шатарчин гэх нэрийг Монгол Улс минь л өгсөн. Тийм учраас гадаадад явж ирээд сурч мэдсэн зүйлээ хүүхэд залуучууддаа эзэмшүүлэх, зааж сургах нь миний үүрэг. Манай аав, ээж хоёулаа багш учраас шавьтай байхын жаргалыг мэднэ л дээ. Ямар нэгэн байгууллагаар орох, зарим хүнтэй уулзахад аавынхаа нэлээн олон шавь нартай таарч байлаа. Сайн аавынхаа шавь нарын буянаар миний ажил ч бас бүтэж, амжилт ч бас дээшилж байдагт баяртай явдаг.

-Денвер хотод шатрын клуб нээн ажиллуулж байсан гэж сонссон. Туршлага хэр хуримтлуулав?

-Денверт амьдарч байгаа 20 гаруй монгол хүүхдэд шатар зааж байсан. Хоёр жилийн хугацаанд хүүхдүүд маань овоо дөртэй болсон. Америкт бас нэг дэвшилттэй тал нь интернэт өндөр хөгжсөн болохоор өөр хотод байгаа хүүхдүүдэд online-аар хичээл заалаа.

-Америкт байрны түрээс өндөр биз дээ. Ашигтай ажиллаж чадах уу?

-Түрээсийн байранд бол үнийг нь дийлэхгүй. Бүх сургуулийн хичээлийн программд шатрын хичээл ордог. Сургуулиас нь өрөө гаргуулаад дугуйлангаа хичээллүүлдэг. Цагийн хуваарийн дагуу сургуульд нь хичээлээ заачихдаг. Дугуйланд их мастерууд цагийн 60-аас дээш ам.долларын төлбөр авдаг. Супер их мастерууд 100 орчим ам.долларын сургалтын төлбөр авдаг.

-Америкаас буцахдаа сэтгэл хэр өндөр байв?

- Анх нутгаасаа явахдаа аавтайгаа, эхнэртэйгээ ярилцаад боловсролоо дээшлүүлье, шатрын спортдоо цаашид ажиллах чадвараа ольё, хэлний мэдлэгээ дээшлүүлье гэсэн олон зорилготой эх орноосоо мордсон. Зорьсон зорилгуудаа биелүүлээд ирлээ гэж бодож байна. Эхнэр маань Удирдлагын мастер цол хамгааллаа. Ам бүл нэмж хоёр охинтой боллоо. Бага нь Америкийн иргэн шүү дээ. Шатрын их мастер Д.Шаравдорж, дээр нь Монголын Шаравдорж гэж дуудуулдаг нэртэй боллоо. Шаравдорж багш болж олон шавьтай болсон байна. Денверийн Хан-Алтай клубын эрхлэгч гээд олон шинэ нэртэй, амжилттай ирлээ. Бас хэлний түвшингөө зохих хэмжээнд дээшлүүллээ.

-Сурсан мэдсэн зүйлээ эх орондоо дэлгэрүүлнэ биз дээ. Зарим эцэг, эхчүүд хүүхдээ их мастерт шавь оруулах хүсэлтэй байх?

-Тэгэлгүй яахав. XIII хороололд “Хан-Алтай” клубээ нээн ажиллуулж эхэлсэн. Шатарт дуртай цөөн тооны хүүхдүүдийг сонгон авч хичээллүүлэхээр бэлтгэлээ хангалаа. Цаашид Америкийн жишгээр тэмцээн, уралдаан зохион байгуулах төлөвлөгөө бий. Санаж явахад бүтэх байх. Миний 99627404 утсаар холбогдож болно.

-Анх шатрын “А” үсгээ хэнээр заалгав?

-Монголын хүүхдийн ордонд спортын мастер Н.Төрбатаар заалгасан. 1990 онд дэд мастер болсноос хойш Дэлхийн шатрын холбооны мастер Ж.Лхагва, Т.Алтан-Оч нараас заавар зөвлөгөө авч байлаа. Одоо ч асуух юмаа асууж, уулзаж байдаг. Н.Төрбат багш маань их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, олон улсын мастер Т.Батцэцэг гээд олон шатарчинг шатрын замд оруулж өгсөн хүн шүү дээ. Н.Төрбат, Ж.Лхагва багш нар маань аль хэдийнэ гавьяат дасгалжуулагч болчихсон хүмүүс гэж ойлгодог. Монголчууд маань оюуны спортыг үнэлэхгүй юм даа.

-Дашзэвэгийнх гэдэг өнөр өтгөн ам бүл Монголдоо данстай олон шатарчинтай гэр бүлийн тоонд орно?

-Батын Нямаа гуайн гэр бүлд хүрэхгүй ч улсын цолтой хэд байгаа л даа. Манай эхнэр В.Сарангэрэл спортын мастер, эгч Д.Ринчинмядаг, Д.Ринчинханд, хүргэн Я.Өлзийболд нар дэд мастер цолтой. Надаас бусад нь ажил амьдралаа хөөгөөд сонирхогчийн хэмжээнд л тоглож байна.

-Аав, ээж нь хоёулаа шатарчин. Танай охидоос удам дамжсан шатарчин төрөх шинж байна уу?

-Манай том охин 11 настай. Өвөөтэйгөө тоглож бэлтгэлээ базаадаг. Мундаг шатарчин төрж магадгүй. Удахгүй болох улсын аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн, “Цодгор хүү-2010”-т оруулна даа.

-Манай улсын нэлээд олон шатарчин Америкт амьдарч байгаа. Шатрын амжилт нь ямар байгаа бол. Тэр бүр мэдээлэл авч амжихгүй юм.Та тэдэнтэй холбоотой байв уу?

-Томхон тэмцээнд оролцохдоо тааралддаг. Бусад үед утсаар байнга холбоотой байдаг л даа. Одоо эх орондоо ирсэн Т.Батчимэг маань тэнд байхдаа их мастерын хоёр норм биелүүлж, Монголдоо ирээд их мастерын болзлоо хангалаа. З.Баяраа, Т.Энхбат нар олон улсын мастер цол хүртсэн. Том Батцэцэг Америкийн аваргаар байнга амжилттай тоглодог. Т.Энхбат, Ц.Батцэцэг хоёр Мерилиандад амьдарч байгаа. Тэндээ их нэр хүндтэй юм билээ. Хүүхдүүдэд шатар заагаад тэмцээнд оролцоод сайхан амьдарч байгаа. Монголынхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа.

-Олон улсын мастер Ц.Батцэцэг олимпийн багийн бүрэлдэхүүнд багтах боломж гарахгүй байна уу?

-Хэцүү л дээ. Хуучин Оросын бүрэлдэхүүнд байсан шатарчид АНУ-ын багийг бүрдүүлдэг. Рейтингээр нь байр эзлүүлж Дэлхийн шатрын олимпиадад оруулдаг журамтай.

-Шатарчдаас төрсөн гэр бүлээс Т.Энхбат, Ц.Батцэцэг хоёулаа олон улсын мастер боллоо. Танай эхнэр хэзээ их мастер болох бол?

-Америкт байхдаа удирдлагын чиглэлээр их мастер цол авчихсан шүү дээ. Тэгэхээр адилхан их мастер байгаа биз дээ /инээв/.

Ярилцлагыг Ж.Мөнхбаяр

Товч мэдээлэл

Latest Message: 3 years ago
  • MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ

Only registered users are allowed to post

Нэвтрэх

Copyright © 2014 MongolChess.com 2003-2011 архив. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU General Public License.