А.Энхтуул МӨРӨӨДӨЛДӨӨ ТЭМҮҮЛЖ ЯВАА ШАТАРЧИН ОХИН
2009-12-02
Монголын эмэгтэй шатарчдаас анх их мастер цолыг Батхуягын Мөнгөнтуул хүртэж, Түвшинтөгсийн Батчимэг дараагаар нь удаалж байсан. Харин энэ удаад өсвөрийн шатарчдаас Алтан-Өлзийн Энхтуул , шатарчин охидыг манлайлж байна. Шатрын спортоор завсарлагагүй хичээллэж , өсвөрийн тамирчид дундаас тасархай хол түрүүлж яваа оюун ухааны спортын авъяаслаг тамирчин билээ. Түүнийг амжилтын оргил, ялалтын олон сүмбэр даваа хүлээж байна. Шатар хэмээх оюуны спорт бол түүний хувьд алдаа оноо адармаа, бэрхшээл дагуулсан, авъяас билгийг нь шалгасан , ухаан бодлыг нь сорьсон нөр хөдөлмөр зүтгэлийн өгсүүр өндөр "Хайрхан уул" юм. Хэрсүү, хэлбүүхэн яриатай охин одоо 15 настай "Аварга" дээд сургуулийн харъяа аварга лицей сургуулийн 11 дүгээр ангийн сурагч юмаа. Ийнхүү спортын мастер, Өсвөрийн 2006 оны дэлхийн аварга охинтой уулзаж, ярилцлаа.
-Шатрын спортоор хэзээнээс хичээллэсэн. Яагаад энэ чиглэлийн спортыг сонирхох болов оо?
-Би анх есөн настайгаасаа шатар тоглох болсон . Яагаад энэ чиглэлээр хичээллэх болсон юм гэвэл : Хамгийн анх Төр монгол гэдэг сургуулийн шатрын клубад орж хичээллэж үзсэн. Тэгээд хичээл маш сонирхолтой санагдсан учраас шатар тоглох дуртай болсон юм. Тэр шатрын клубын багш маань З.Батболд гэж хүн. Миний бага ангийн багш байсан. Тэр багш Америкт ажиллаж байгаад ирсэн. Одооны багш Пүрэвийн Жигжидсүрэн гэдэг хүн бий. Энэ багш дээрээ 2006 оноос эхлэн хичээллэж байна.
-Бэлтгэл сургуулилтаа хаана ямар байдалтай хийдэг вэ?
-Бид хоёр хотод биш дандаа Хандгайтад хичээллэдэг. Бусад хүүхдүүд хотод хичээллэдэг.
-Яагаад заавал Хандгайтад гэж?
-Хотоос зайдуу дуу чимээнээс хол байх илүү дээр байдаг. Тэнд цэвэр агаартай учир эрүүл мэндэд сайн. Тэгээд ууланд гараад, .чөлөөт цаг ч сайхан өнгөрдөг юм.
-Чехд болсон тэмцээнээс дэлхийн аврага цол хүртсэн Энэ талаар сонирхуулаач?
-2006 онд Чех улсад болсон тэмцээн нь нэлээн өргөн хүрээтэй болсон. Тэр тэмцээнд З.Батболд багштайгаа явсан л даа. Бусад улсын баг эрэгтэй эмэгтэйгээрээ холилдож тоглосон. Тэгээд ганцхан Монголоос 12 эмэгтэй хүүхэд оролцсон. Ер нь маш сайхан тэмцээн болж өнгөрсөн.
-Мөн Халимаг улс байгуулагдсаны 400 жилийн ойн ОУ-ын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. Өрсөлдөгчдийн чанар чансаа ямар байсан бэ?
-Халимагт 2400 олон улсын мастер байх жишээтэй. Чансаа өндөр сайн байсан. Миний хувьд би өөрийнхээ чансааг 26-аар нэмсэн байгаа.Тэгээд одоо 2117 болсон. Тэр тэмцээнд манайхаас гурван эмэгтэй нэг эрэгтэй оролцсон.Ц.Лхагвасүрэн багш цуг явсан.Багаараа түрүүлээд. Түүнээсээ гадна би эмэгтэйчүүдээсээ ширээндээ түрүүлсэн.
-Гадаадын болон монголоосоо хүчтэй өрсөлдөгч гэвэл чиний хувьд хэнийг нэрлэж болох вэ?
-Гадаадаас бол мэдээж бүх хүмүүс л дээ. Өсвөрөөс гэх юм бол... Гүржүүд, Оросууд тэгээд ер нь маш их байгаа. Харин монголоос гэвэл насанд хүрэгчид юм байна.
-Б.Мөнгөнтуултай тоглож үзсэн үү?
-Аа үзэлгүй яахав. Зөндөө тоглож байсан. Нэг баг болж 2008 онд олимподад явахад бид нар хамтдаа багаараа гуравдугаар хэсэгт түрүүлж байсан.
-Чиний хүндэлж, үлгэр жишээ авдаг хүн хэн бэ?
-Мэдээж П.Жигжидсүрэн багшийгаа хүндэлж явдаг. Багшаасаа маш олон зүйлийг сурч мэдэж авдаг учраас миний багш бол маш гайхалтай хүн. Одооны Хатанбаатар ах, Мөнгөнтуул эгч хоёрыг бэлтгэж гаргасан. Шавь нараа сайн бэлддэг багшаараа бахархаж явдаг юм.
-Чи олон орноор явж, тэмцээн уралдаанд оролцож байсны хувьд монголд энэ спортын хөгжил ямар шатанд явж байна гэж үздэг вэ?
-Монголын шатрын хөгжил Ази дундаасаа нэг их мууд орохгүй тэгээд дэлхийн хөгжилтэй монголыг зүйрлэн гэж байхгүй. Харин монголдоо бол хөгжиж байгаа. Тэгэхдээ хөгжил дөнгөж эхлэж байна. Тэгээд яагаад манай шатарчдын хөгжил муу байна гэхлээр нөгөө санхүүгийн асуудалд гол учир нь байдаг. Манайд шилдэг сайн тамирчид зөндөө. Сая л гэхэд жишээ нь Вьетнамд болсон азийн танхимийн наадамд мөн л санхүүгээс гачигдаад зарим тамирчид явж чадаагүй. Бусад орны тамирчдыг харж байхад дандаа их мастер, тухайн орныхоо лидер шатарчид л ирсэн байсан шүү дээ. Би оролцож буй тэмцээн бүрээсээ шатрын хөгжил, өөрчлөлт, юуг илүү эсрэгээр авч хэрэгжүүлэх, туршлага, арга барилын талаар хором бүрт харж ажиглаж явдаг.
-Жилдээ хэдэн тэмцээнд явж байна.Дээрээс нь санхүүгийн асуудлаа яаж зохицуулдаг вэ?
-Би уг нь жилдээ хоёр л тэмцээнд явдаг байсан. Харин ноднингоос дөрвөөс таван тэмцээнд оролцож байна. Үүнээс ч их тэмцээн байдаг. Тэр бүрд нь амжиж оролцож чаддаггүй. Санхүүгийн асуудал хүнд. Бүгдэнд нь оролцох боломж олдоод байдаг бол би өөрийнхээ зорилго зорилтондоо хурдан хүрч чаднаа. Миний ээж, Жигжидсүрэн багш нар өмнөөс явж, ивээн тэтгэгч олж өгсөн тус дэмээр би олон тэмцээнд явж өөрийнхээ ур чадвар, чанар чансааг өндөрт өргөн явж байна. Харин ёстой нэг баярласан юм гэвэл монгол улсын 2009 оны насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод дөрөвдүгээр байранд шалгарсан юм. Тэгээд "Монгол чех металл" компаний даргатай уулзаад гарахад Б.Далай захирал намайг за яахав түрүү жил мөнгөн медаль хүртсэн. Одоо чи эхний тавд байна гэдэг бол ямраа харуулж байна. Дандаа тамирчин хүн түрүүлэх албагүй миний дүү алзахгүй ээ өшөө сайн хичээгээрэй гээд хэлж байсанд би ямар их баярласан гээч. Шатрыг үнэхээр ойлгож мэдэрч байгаа нь надад том тэмцээний шагналаас ч илүү шагнал авч байгаа юм шиг болж байсан шүү. Манай өсвөрөөс сайн тоглодог хүүхдүүд олон.Тийм учраас миний найз нарыг хүртэл Далай захирал шиг ойлгож чадах, олон захиралууд дэмжээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсдэгээ хэлмээр байна.
-Чиний хувьд өсвөрийн шатарчдыг оргилд хүргэхэд төр засгаас юу хийх хэрэгтэй байна Энэ талаар санал бодлыг чинь сонсмоор санагдлаа?
-Өсвөрийн шатарчдыг оргилд хүргэхийн тулд ер нь яг одоо сайн тоглоход нь дэмжих хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл нэгдсэн бодлого хэрэгтэй байна. Яагаад гэвэл оюуны спортыг үнэлэх үнэлэмж нь их доогуур байдаг. Бусад спортын шагнал урамшуулал болоод авч хэрэгжүүлж байгаа бодлого нь тухайн тамирчиндаа хүрч чадсан. Тэдний төлөө гэсэн итгэл, зүтгэл урмыг их хайрладагт л бусад спорт их хүчтэй байна л даа. Бид том тэмцээнд дор хаяж зургаагаас долоон цаг тархи минь ажиллаж байж ялалт ялагдал хүртдэг юм шүү дээ. Тэр олон цагт хүн чинь сууж байхад ямар хүнд гээч. Тэгэхлээр л оюуны спортын үнэлэмжийг өндөрт өргөж, шатарчдад их анхаарал хандуулж, сонсож нээлттэй ярилцлага, нийтлэл арга хэмжээг аваасай л гэж үргэлж дотроо бодож явдагдаа. Төр засаг, Спортын дээд байгууллага, итом компани пүүсийн удирдлагууд анхааралдаа аваасай гэмээр байна.Манай өсвөр үеийн шатарчин хүүхдүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлээд өгвөл Ази тив, дэлхийд хурдан гарч ирэх боломжууд зөндөө байнаа. Аливаа спортын эхлэл нь өсвөрийн тамирчид л байдгийг манай эрхэм дарга нар мэдэж л байгаа байх даа.
-Чи ирээдүйд юу хийж бүтээх вэ?
-Би ирээдүйдээ хуулийн салбарт сурч боловсрох хүсэлтэй байгаа.Улс орондоо ихийг хийж бүтээж, өөрийнхээ эрдэм мэдлэг чадвараа харуулахыг маш их хүсэж байгаа учраас тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулан гэж бодож, мөрөөдөж явдаг юмаа.
-Энэхүү оюуны сайхан спорт мөрөөдлийн чинь нэг хэсэг биз дээ?
-Мөрөөдлийн минь нэг хэсэг бишээ. Харин тэр чигээрээ миний агуу мөрөөдөл юм. Яагаад гэвэл би жоохон үедээ их хөдөлгөөнтэй хүүхэд байсан.Тэгээд шатрын спортод хорхойтон орсноос хойш тэсвэр, тэвчээр, ухаарал, зориг хатуужил энэ бүхнийг минь цогцоор миний оюун тархинд шатар суулгаж чадсанд байгаа юм. Иймээс намайг энэ гайхамшигтай сайхан зүйлд татан оруулсан ээждээ болоод багш нартаа туйлын их баяр бахдалтай явдаг юм.
-Хамгийн мартагдашгүй тэмцээн, шагнал юу вэ?
-13 настай байхдаа улсын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч байсан үе. Мөн 2006 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Тэгээд Чехд болсон тэмцээнийг Чехийн комланиуд дэмжиж байсан. Ер нь бүх л тэмцээнүүд юм даа.
-Чиний ирээдүйн зорилго юу вэ?
-Би ирээдүйдээ энэ спортынхоо том оргилд хүрч, их мастер хэмээх эрхэм цол хүртэхийн төлөө хичээж бэлтгэхийг өмнөө зорилго болгон тавьсан байгаа.
-2009 оны тэмцээнүүдэд ихэнхид нь амжилттай оролцоод дууслаа. Ирэх онд ямар тодорхой зорилт тавьж байна даа?
-2010 онд би олон улсын болоод дотоодын тэмцээн, уралдаанд урьд гаргасан амжилтуудаасаа илүү их олон амжилтын төлөө хичээж, бэлтгэл сургуулилтаа хийж байна. Яагаад гэвэл би энэ онд насанд хүрэгчдийн болоод өсвөрийн олон гадаадын олон тэмцээнд оролцоод өөртөө их дүгнэлт үнэлэлтийг өгөөд байгаа. Мөн цаашлаад ирэх онд дэлхийн шатрын олимп болох тул маш хариуцлагтай том зорилгоо хэрэгжүүлэх болно оо.
-Үе тэнгийнхээ хүүхдүүд хандаж юу гэж хэлэх вэ?
-Зорилготой байгаарай. Хөдөлмөрлөөрэй. Харин шатарчин хүүхдүүддээ хандаж хэлэхэд залхуурахгүй шамдах хэрэгтэй шүү.
Ц.Удвалцэцэг
Товч мэдээлэл
- MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ
Only registered users are allowed to post