С.Энхцаг: Азид анхны шатрын ордонг манайд байгуулна
2009,05
С.Энхцаг ерөнхийлөгч тун баяртай байна. Монгол хүний саруул ухаанаар дэлхийг бишрүүлэх цаг ойртлоо хэмээх тэрбээр Монголын шатрын холбоог тэргүүлдэг түүнд ингэж баярлах шалтгаан байгаа юм. Азид анхны хамгийн том шатрын ордныг Улаанбаатарт байгуулах санаачилгыг нь дэмжиж бодитой дэмжлэг үзүүлэхээр болсноо ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путинийг дагалдан ирсэн Халимагийн Ерөнхийлөгч, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов албан ёсоор мэдэгдсэн.
-Юуны өмнө Азид анхны шатрын ордон Монголд тэр дундаа нийслэл хотод минь өнгө нэмэн сүндэрлэхээр болсонд ганд баяр хүргэе.
-Баярлалаа. Путиний Монголд хийсэн айлчлал дэлхийн чихийг дэлдийлгэж байгаагаас дутахгүй том үйл явдал гэж үүнийг хэлж болно.
-Шатрын ордонтой болох хэний санаа юм бэ?
-Бидэнд өөрийн хөрөнгөөр барих санаа олон жилийн өмнө төрсөн л дөө. Шатрын ордонтой, сургуультай болж, ерөнхий боловсролын сургуулиудад шатрын хичээл оруулдаг байя гэдэг манай холбооны бодлого. Сүүлийн гурав, дөрвөн жилийн хугацаанд Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгчтэй хэд хэд уулзахдаа энэ санаануудаа хэлж байсан.
Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Николаевич өмнө нь манайд ирэхдээ, Монголд шатрын спорт хөгжүүлэхэд бүх талаар дэмжинэ. Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчийн хувьд ч, Монголд элэгтэй монгол цустай гэдэг утгаараа ч тусална гэсэн. Монгол түмнээс дэлхийн аварга төрнө гэдэг бэлэгтэй сайхан үгийг тэгэхэд хэлсэн. Монгол хүмүүсийн оюун ухаан хязгааргүй. үүнийгээ хөгжүүлэхэд өөрийн гэсэн орон байртай, боловсролын системтэй цогцоор нь хөгжүүлэх ач холбогдолтой гэсэн юм.
-Тэд энэ ордныг өөрсдийн зардлаар барих юм уу. Манай талаас юу гарах вэ?
-Энэ оны хоёрдугаар сард Ерөнхийлөгч К.Илюмжинов манайд айлчилж, төр, засгийн тэргүүнүүдтэй уулзахдаа ордонтой болоход тусална гэдгээ хэлсэн. Мөн Монголын шатарчидтай хийсэн уулзалтынхаа үеэр ч "Бид танайд ордон барихад тусална гэдгээ амлаж байна. Монголд баригдах шатрын ордон бол Азид тэргүүн зэргийнх байгаасай гэж би хүсч байна. Манай Халимагийн ордон бол Европтоо тэргүүлнэ. Та бүхэн шатрын спортоо хөгжүүлээрэй" гэсэн. Гэхдээ ордон барих төсөв мөнгийг нь бүрэн гаргаж өгөх үү гэдгийг одоогоор тодорхой мэдэхгүй байна. Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг биз дээ. Тэгээд ч бид шатрын ордон байгуулахад өөрсдийн сан байгуулах ёстой гэж үздэг. Чухам хэзээ, ямархуу хэмжээтэй, хэрэг зэрэг сайхан ордон босох нь хөрөнгөний хэмжээнээс шалтгаална. Бидэнд өгсөн дээр нь өөрсдийнхийгөө нэмээд ямарч байсан Азидаа тэргүүн зэргийн ордон барихын төлөө л зорино доо.
-Азид шатрын ордонтой улс байдаг уу?
-Азид шатрын ордонтой орон байхгүй. Шатрын холбоод өөр өөрсдийн барилга байгууламжтай. Ер нь том шатрын ордонтой орон Европт Халимаг л байна.
-Сая хотын удирдлагатай уулзахдаа ордон барих газрын асуудлыг ярив уу?
-Хот газрын асуудлыг шийднэ гэсэн. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулаад аятайхан юм хийе гэж бодож байгаа. Зөвхөн монголчууд биш дэлхийн бусад орны хүмүүс Монголын шатрын ордонг үзээд үлгэр дуурайл болгон ярьдаг, бахархдаг тийм л ордонтой болох хэрэгтэй.
-Нэг иймэрхүү дизайнтай ордон байх юм гэсэн төсөөлөл байгаа юу, танд?
-Төсөөлөл байлгүй яах вэ. Олон улсын тэмцээн уралдаан бүрэн хэмжээгээр явагддаг. Шатрын сургуулиуд хичээллэх орон байртай. Амралтын цогцолбортой, чөлөөт цагаараа урлаг соёлын арга хэмжээ үзэх орчин нь бүрдсэн байхаас гадна орчин үеийн цэцэрлэгт хүрээлэнтэй. Зуны цагт гадаа шатар тоглох талбайтай, стандарт хангасан барилга байгууламж байгаасай гэж хүсч байна.
-Энэ санаагаа архитекторуудад огч тусгуулна биз дээ?
-Өмнө нь ч ярьж байсан. Сая, уулзахдаа ч Кирсан Илюмжиновт ярьсан. Халимагууд өөрсдийн дизайн стилиэ барих санаатай. Тэд Европ чиглэлийн сургалттай шүү дээ. Монголоос ч уран барилгачдаа оролцуулна. Дандаа мэргэжлийн хүмүүс болохоор тал талаас нь ярьж байгаад гаргана гэж бодож байгаа. Тун удахгүй Халимагаас архитекторын баг ирнэ.
-Таны ярьснаар амралтын цогцолбортой байна гэхээр хотоос жаахан зайдуу барина гэсэн үг үү?
-Хотын төвд гээд энэ шавааралдсан олон барилгын дунд барих нь учир дутагдалтай шүү дээ. Ядаж л автомашины зогсоол байхгүй. Бас тэгээд газар нь ч ховор. Хотоос жаахан зайдуу Яармагийн дэнжид ч юм уу байгуулахсан л гэж бодож байна даа. Нэг сайхан ордонтой болоод дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулаад өгчихсөн байхад шатар Монголд хөгжинө. Монгол хүний ухааны чадвараар дэлхий гайхах цаг ойртоно гэсэн үг гэж би хувьдаа итгэж явдаг.
-Манай шатарчид дэлхийд чансаагаар хаахна явдаг вэ?
-Монголын шатарчид нэлээд дээгүүр явдаг шүү дээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Германд болсон шатрын олимпиадад манай эмэгтэйчүүд дэлхийн 114 орны шатарчдаас чансаагаар 17-д жагссан. Эмэгтэйчүүдийн бүсчилсэн дөрөв таван групп байдаг юм. Манайх С группт явдаг. Энэ групптээ тэргүүлсэн шүү дээ. Тэгэхээр монголчуудын оюун ухаан дэлхийн шатарчдын оюун ухааны зиндаанд хүрсэн байна. Манай олон улсын их мастер Мөнгөнтуул дэлхийн томчуудтай ана мана үзэж байна. Дэлхийн аварга байсан хүмүүсийг хожсон. Манай шатарчдын оюуны цар хүрээ нь дээд түвшинд очсон. Тиймээс өндөр зэрэглэлтэй хүмүүсээр дасгалжуулуулах, дээд түвшний программуудыг хэрэглэхээс гадна шатарчдын хангамж их сайн байх хэрэгтэй юм.
-Шатар өндөр хөгжсөн орнууд ямар бодлого барьдаг юм бол?
-Амжилт гаргаж байгаа газруудыг харахад шатарчдын хангамж өндөр хэмжээнд байдаг. Үзэж байгаа ном. программаас шууд хамааралтай. Орос Энэтхэг. Америк зэрэг зарим оронд ерөнхий боловсролын сургуульдаа шатрын хичээлийг албан ёсоор оруулсан байдаг. Энэ нь их нөлөөлдөг. Хоёрдугаарт, Хятад зэрэг томоохон орнууд бага насанд нь шалгаруулж аваад мэргэжлийн хэмжээнд тусгай сургалтаар бэлтгэж байна. Гэтэл манайхан гэрийн сургалттай. Ах нь, эсвэл аав ээж нь сайн тоглодог. Эсвэл нэг багштай хааяа нэг тоглодог. Манай тамирчид ажил, сургуулийнхаа завсар зайгаар бэлтгэл хийж, дэлхийн томоохон тэмцээнд тоглоод амжилтанд хүрч байна. Хэрвээ бид үүнийг системтэй болговол, бага насны хүүхдүүдийг сургуулиар сургаад дараа нь тэд нарыг сонгож мэргэжлийн болгох юм бол Монголоос дэлхийн аварга төрөх ойрхон байна. Дэлхийн талыг эзэлж байсан Чингисийн монголчууд оюун ухаанаараа тэргүүлнэ шүү дээ. Ухаантай ард түмэн л юм хийдэг биз дээ. Монголчуудын ухаан гендээ байна гэж нүүр бардам хэлж болохоор байна.
-Их мастер Мөнгөнтуул хаана байгаа вэ?
-Москвад байгаа. Өнгөрсөн жил Москвагийн аварга шалгаруулах тэмцээнд орж тоглоод хоёрдугаар байрт шалгарсан. Олон их мастертай эрчүүдийн зиндаанд тоглож байна шүү дээ.
-Түүнд манайхаас үзүүлж байгаа тусламж дэмжлэг гэж байна уу?
-Монголын шатрын холбооны тусламж дэмжлэг гэдэг бол бусад холбоодын нэгэн адил хандивын журмаар л явдаг. Улсаас бодитойгоор системтэй өгдөг төсөв мөнгө байдаггүй. Гэхдээ төр, засгаас оюун ухааныг хөгжүүлэх, монголчууд ухаантай байх шаардлагатай гэдэг зүйлийг их тавьж байна шүү дээ. Парламентын гишүүдээс шатрын спортыг дэмжсэн лоббий бүлэг байгуулсан. Шатрын спортыг Монголд хөгжүүлэх бодлогыг төр засгаас барья гэж байна. Манай холбооноос парламентын гишүүдтэй 8-12 насны өсвөрийн шатарчдын тэмцээнийг зохиосон. Дийлэнх нь урмын тоглолтууд хийгдсэн байх л даа. Яагаад төрийн түшээд хүүхдүүдтэй тоглоод байна гэхээр шатрын спортод өндөр ач холбогдол өгч байгаагийн нэг илрэл.
-Энэ спортын ач холбогдлыг та цөөн үгээр тайлбарлаж болох уу?
-Шатрын спортын ач холбогдол өндөр л дөө. Шатраар хичээллэсэн хүүхдийн аливаа зүйлд хандах хандлага нь шал өөр. Буурьтай, олон талаас нь дүгнэж чаддаг, тэвчээртэй болно. Энэ бол том ач холбогдол. Хэн бүхэнд ойлгомжтой. Бид хөгжүүлнэ.
-Шатар үүссэн газар нь Монгол мөн үү?
-Шатар хаана үүссэн гэдэг одоо хэр тайлагдаагүй. Энд олон тайлбар байдаг. Зарим нь Энэтхэгт үүссэн л гэдэг. Манайхан болохоор Монголд үүссэн гэдэг. Миний хувьд шатар Монголоос үүссэн гэдэгт итгэдэг.
-Таны итгэлийг бататгах ямар нэг сэжүүр байна уу?
-Манайх шиг оюун ухаантай ард түмэн энэ спортыг зохиосон л байж таараа. Археологичдын судалгаагаар Хүннүгийн булшнаас шатрын хөлөг гарсан гэж ярьж байгаа. Тэр нь батлагдах юм бол ойлгомжтой. Монголоос үүссэн. Бусад оронд үүссэн гэдэг ч бас батлагдаагүй л байгаа шүү дээ.
-Манайд шатрын сургууль олон уу?
-Сургууль байгуулсан ганц хоёр байгууллага бий. Төвлөрсөн, улсын чанартай сургууль бол байхгүй. Харин "Монгени" Монголын шатрын холбоотой хамтраад сургууль нээсэн. Аймаг. сумдад шатар сонирхогчид өөрсдийн гэсэн клубтэй болчихоод байгаа.
-Дундговиос дуучид олон төрдөг гэдэг шиг шатарчид төрөх нь газар нутгийн онцлогоос шалтгаалдаг болов уу?
-Тийм юм байхгүй. Манай 21 аймаг бүрээс шатрын мастер төрсөн. Говь-Алтайгаас олон улсын хэмжээний мастер Үйтүмэн, Шарын голоос Хатанбаатар. Дундговиос манай зургаан удаагийн аварга Лхагва гуай гэхчлэн бүх аймгаас бий.
Л.Номингэрэл
Товч мэдээлэл
- MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ
Only registered users are allowed to post