Б.Мөнгөнтуул: Надад дасгалжуулагч гэж байдаггүй
Германы Дрезден хотноо болж буй Дэлхийн шатрын 38 дугаар олимпиадад оролцож буй Монголын эмэгтэй шатарчдын бүрэлдэхүүнд их мастер Б.Мөнгөнтуул багтаж байгаа билээ. Тэрбээр эмэгтэй баг тамирчдыг манлайлан, нэгдүгээр ширээнд тоглож байгаа юм. Олимпиадын үеэр өндөр амжилт гаргаж байгаа түүнтэй Германы сурвалжлагч уулзаж, ярилцсаныг хүргэж байна.
-Та хэдэн настайгаасаа эхэлж шатар тоглож эхэлсэн бэ? Хэн танд анх шатар зааж өгөв?
-Би ер нь шатар тоглодог, шатарт дуртай, шатрын гэр бүлд төрж өссөн. Анх таван настай байхад маань миний аав шатар хэрхэн тоглохыг зааж өгч байсан.
-Бага байхдаа ямар амжилт гаргаж байв? Анхны тэмцээн чинь ямар тэмцээн байсан бэ?
-Би бага байхдаа олон тэмцээн, уралдаанд оролцож байсан. 1994 онд Монголын 10-аас доош насныхны шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, түрүүлж байсан юм. Тэгээд тухайн жилдээ Унгарт болсон дэлхийн залуучуудын аваргад оролцож байлаа.
-Таны хүсэл мөрөөдөл чинь? Бас хүндэлж, биширч явдаг шатарчин чинь хэн бэ?
-Би одоо эмэгтэйчүүдийн их мастер цолтой байгаа. Харин би Олон улсын шатрын холбооны их мастер болохыг хүсдэг. Харин хүндэлж явдаг шатарчин гэвэл Унгарын их мастер Юдит Полгарыг хэлнэ.
-Олимпиадын тухайд юу хэлэх вэ? Юугаараа онцлог байна?
-Дрездений олимпиад зохион байгуулалт сайтай, гайхалтай болж байна. Бас 144 орны шатарчин оролцож байгаа учир өөр өөр улс орны олон сайн шатарчидтай танилцах боломж олдож байна. Дрезденд анх ирснээс минь хойш унаган орос хэл, бас англи хэл маань их нэмэр болж байна. Бас би хэд хэдэн герман үг сурсан. Монголоор баярлаж, талархсанаа илэрхийлэхдээ “Баярлалаа” гэж хэлдэг юм. Ийм гайхалтай олимпиад зохион байгуулж байгаад баярлалаа.
-Таны дасгалжуулагч хэн бэ? Олимпиадын бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?
-Надад дасгалжуулагч гэж байдаггүй. Би шатрын онлайн хөтөлбөрт хамрагдаж, олон орны хүмүүстэй интернэтээр тоглодог. Өөрөө өөрийнхөө бэлтгэлийг хангадаг гэсэн үг л дээ.
-Улс орныхоо шатрын спортын хөгжилд юуг сайжруулмаар санагддаг вэ?
-Манай Монгол улс ОХУ-тай хил залган оршдог. Харин ОХУ-д олон уралдаан, тэмцээн жил бүр зохиогддог. Бидний хувьд олон улсын чанартай тэмцээн, уралдаанд оролцох мөн Ази тивийн болон Олон улсын шатрын холбооноос зохион байгуулж буй арга хэмжээ, уралдаан, тэмцээнд оролцохыг хүсч байна.
Бэлтгэсэн С.Шүр
Товч мэдээлэл
- MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ
Only registered users are allowed to post