П.Жигжидсүрэн: Оюуны спортоороо дэлхийд гайхуулах мөч ойрхон байгааг энэ олимп дахин нотоллоо
http://sonin.mn/2008/12/02/пжигжидсүрэн-оюуны-спортоороо-дэлхи/
2008/12/02
Манай эмэгтэй шатарчид дэлхийд чансаагаараа 47 дугаарт бичигддэг. Харин энэ сарын 12-25-ны өдрүүдэд ХБНГУ-ын Дрезден хотноо 146 орны тамирчид оюун ухаанаа уралдуулсан дэлхийн шатрын 38 дугаар олимпиадад тэд амжилттай оролцон зургаа хожиж, хоёр тэнцэн, гурав ялагдсан амжилтаар 17 дугаар байрт бичигдлээ.
Багийн дүнгээр ийм өндөр амжилт гаргаснаас гадна “С” хэсгийг тэргүүлж, алтан медаль хүртжээ. Хувийн амжилтаар их мастер Б.Мөнгөнтуул эрэгтэй их мастер, залуу тамирчин спортын мастер А.Энхтуул, Ц.Мөнхчулуун нар олон улсын мастерийн болзол хангасан. Тэмцээний талаар гавъяат дасгалжуулагч, олон улсын мастер П.Жигжидсүрэнтэй ярилцлаа.
-Энэ тэмцээнд Таны гурван шавь амжилттай оролцлоо. Багшийн хувьд сэтгэгдэл өндөр байгаа биз ээ?
-Тэмцээнд оролцох орны тоо жил ирэх тусам нэмэгдэх болж. Энэ удаад 146 орны тамирчид оюун ухаанаа уралдууллаа. Олимп, дэлхийн аварга гээд шилдэг шатарчид цугларчээ. Хэдийгээр өөрийн биеэр тэмцээнд оролцоогүй ч шавь их мастер Б.Мөнгөнтуул, спортын мастер А.Энхтуул, Ц.Мөнхчулуун нартайгаа интернэтээр харилцан, алдаа оноог нь хэлж өгсөн. Ингэснээр ч хувийн дүнгээр дээгүүр байрт шалгарлаа. Эмэгтэй тамирчдын хувьд 114 орноос 17 дугаар байрт шалгарсан нь өндөр амжилт бөгөөд Монголын шатарчдын оюуны цар хүрээг харуулсан явдал боллоо.Тэр дундаа спортын мастер А.Энхтуул их мастер, олон улсын мастер тамирчдыг хожин эхний 15-д шалгарч, олон улсын мастерын норм биелүүллээ. Тэрээр тэмцээний хамгийн залуу тамирчин буюу 14 настай. Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч өөрийн биеэр түүнд баяр хүргэсэн. Энэ тэмцээн цаашид түүнд ирээдүй бий гэдгийг харууллаа. Ц.Мөнхчулуун ес тоглосноос тав хожиж, дөрөв тэнцэн 114 тамирчнаас дөрөвдүгээрт шалгарлаа. Хэрвээ сүүлийн өрөгт Болгарын их мастерыг хожсон бол медаль авах боломж байсан. Гэхдээ үзүүлсэн амжилтыг нь чамлаж болохгүй. Анх удаа ийм том тэмцээнд оролцож буй түүний хувьд өндөр амжилт. Манай анхны их мастер Б.Мөнгөнтуул дэлхийн нэртэй шатарчин, Украины их мастер Логнаг хожлоо. Логна супер шатарчдын тоонд ордог, эрэгтэйчүүдийн их мастер. Түүнийг цагаанаар тоглон гайхамшигтай хожиж, дэлхийн аварга болох боломж байгааг харууллаа. Энэ бол түүний амжилтуудын нэгд тооцогдох тоглолт болсон. Гэхдээ түүнд биеийн бэлтгэл дутагдалтай байгаа нь харагдсан шүү. Yүнээс ч болж шийдвэрлэх хоёр өрөгтөө алдаа гарган медаль авах боломжоо алдсан. Ер нь энэ удаад манай шатарчдад сэтгэлзүйн болон биеийн бэлтгэл дутагдсан. Хэрвээ тэдний ийм бэлтгэлийг сайн хангаад дээр нь тэмцээнд оролцох зардлыг санаа зовохгүйгээр шийдэж өгдөг бол манай шатарчид оюуны спортоороо дэлхийд гайхуулах мөч ойрхон. Yүнийг ч энэ олимп дахин нотоллоо. Дэлхийд уралдах морьд энд байна. Гол нь тэднийгээ анхаарах хэрэгтэй юм.
-Эрэгтэй шатарчид тааруухан тоглов уу?
-Эрэгтэй шатарчид 11 тоглосноос тав хожиж, мөн тав хожигдон, нэг тэнцэж 50 хувийн амжилт үзүүлсэн. Олон улсын мастер Б.Гүндаваа, Д.Янжиндулам хоёр санасан хэмжээнд тоглосонгүй. Хэрвээ Б.Гүндаваа сайн тоглосон бол амжилт ахих байсан. Дэлхийн аварга, дэлхийн шилдэг тамирчдын тавд ордог Болгарын нэрт шатарчин Табаловтой таарсан. Хэдий энэ шатарчинд Б.Гүндаваа хожигдсон ч гэсэн түүнд мартагдашгүй үйл явдал. Харин их мастер Б.Хатанбаатар хоёрдугаар ширээнд тоглосон. Нөгөө хэд нь хожигдоод гарахад ганцаараа их мастерынхаа буурь суурийг хадгалж, дэлхийн шилдэг их мастеруудыг хожсон. Өөрөөр хэлбэл, бусад тамирчдынхаа нэр төрийг хадгалж чадсан. Эрэгтэй тамирчид хэдий зохих төвшинд тоглосон ч цаашид Монголын шатрын холбоо шатарчдаа шилж сонгох, бэлтгэл хангах талд сайн анхаарах ёстой нь эндээс харагдлаа. Олон улсын мастер Батчулууныг энэ тэмцээн үгүйлж байлаа. Яагаад гэвэл, тэрээр өмнөх олимпод найман их мастерийг зургаа хожиж, нэг хожигдон, нэг тэнцэж байсан.
-Шатарчид шинэ дүрмээр тоглосон. Энэ талаар танилцуулахгүй юу?
-Шинэ системээр зохион байгуулагдсан анхны тэмцээн болсноос гадна шинэчлэгдсэн багаар буюу эрэгтэй, эмэгтэй тус бүр таван гишүүнтэй оролцлоо. Өмнөх тэмцээнүүдэд тамирчдын авсан оноо шууд бичигддэг байлаа. Энэ удаад дөрвөн хүн тоглолоо гэхэд хоёр хожоод, нэг тэнцэхэд хоёр эсвэл нэг хагас гэсэн дүн байхгүй, хожсон тал хоёр оноо, хожигдсон нь 0 оноо авна. Түүнчлэн өнөөгийн хөгжлийг ашиглан дэлхийн аль ч орны сонирхогч хүссэн оролцогчийнхоо нүүдэл, үр дүнг харах боломжтой байснаараа энэ тэмцээн онцлогтой байлаа.
-Аль орны тамирчид хатуухан өрсөлдөгч байв?
-Армен, Израил, Америк, Гүржийн тамирчид бэлтгэл сайн байсан. Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Гүржийн баг алтан медаль хүртэн, хуучны шилдэг тамирчдын амжилтыг хадгалж үлдлээ. Энэ бол сайхан уламжлал. Украин, Америкийн баг удаалсан бол эрэгтэйчүүдийн ангилалд Армен, Израил, Америкийн баг хошуучилсан. Оросын тамирчдад найдлага тавьж байсан ч тааруухан тоглолоо. Дараагийн олимп тус улсад болох тул тамирчид нь тусгай бэлтгэл хийж өндөр амжилт гаргах байх. Энэтхэгийн тамирчид ч хүчтэй байдаг. Харин энэ удаад сайн тамирчид нь ирсэнгүй. Өнгөрсөн тэмцээнд хошуучилж явсан Хятад, Оросын баг хойгуур байр эзэлсэн явдал нь бусад оронд энэ спорт эрчтэй хөгжиж байгаагийн илрэл. Иймээс манай орон ч гэсэн шигшээ баг байгуулах, тамирчдад хөрөнгийн туслалцаа үзүүлэх, бэлтгэл сургуулилтад анхаарах хэрэгтэй юм. Ялангуяа сэтгэлзүй, биеийн бэлтгэл манай тамирчдад их үгүйлэгддэг.
-Тэмцээнд шинээр оролцсон тамирчдын жагсаалтыг гаргасан гэсэн. Манай шатарчид хэдүгээрт орсон бол…?
-Нийт тамирчдын жагсаалт хэд хоногийн дараа гарна. Одоогийн байдлаар шинээр оролцсон тамирчдаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчдын жагсаалтыг гаргасан. Yүнд Ц.Мөнхчулуун хоёрдугаарт, А.Энхтуул тавдугаарт орсон. Тамирчдыг энэ удаагийн тэмцээнд оролцоход дэмжиж, тусласан байгууллагуудад баярлалаа гэдгийг минь дамжуулж өгөөрэй.
-Манай улсаас нэгдүгээр ширээнд ямар тамирчин тоглосон бэ?
-Улс орноо төлөөлсөн шилдэг шатарчин энэ ширээнд сууж тоглодог тул их хариуцлага хүлээдэг. Б.Мөнгөнтуул энд тоглосон. Тэр битүү гарааны систем сонгосон нь тактикийн хувьд зөв болсон.
Харин нөгөө хоёр сокольскийн гараагаар амжилт байгууллаа. Аливаа спортод тамирчин хүн нэг арга, мэхийг зөв эзэмшин, түүндээ гарамгай болж чадвал хэнийг ч хожиж, ялж болдог юм.
-Цаашид ямар тэмцээн тамирчдыг хүлээж байна вэ?
-Ирэх онд болох Азийн аварга шалгаруулах тэмцээн Б.Мөнгөнтуулыг хүлээж байна. Энэ тэмцээнд шалгарч байж дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх эрх нь нээгдэнэ. Yүнээс гадна олон тэмцээн хүлээж байгаа.
Ирэх хоёрдугаар сард Орост болох эмэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн бий. Хоёр залуу тамирчин энд өндөр амжилт үзүүлэх байх гэж найдаж байна.
Товч мэдээлэл
- MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ
Only registered users are allowed to post