Л.Мягмарсүрэн: Айлын түлээ хөрөөдөж “шовгорт” нь шатар тоглодог байв
Гавьяат тамирчин, шатрын олон улсын мастер Л.Мягмарсүрэнтэй хийсэн ярилцлага
-Та ер нь хэдтэйдээ шатрын цодгор хүүтэй “үерхэж” эхлэв. Дэлхийн томчууд бараг л өлгийтэй байхдаа нүүдэл сурсан намтартай байх юм.
-Дэлхийн алдартнуудыг бодвол өвгөн болсон хойноо гэхүү дээ тав дугаар ангидаа л дөнгөж нүүдэл мэдэх төдий болсон. Төрсөн нутаг Ховдын төвийн арван жилд долдугаар анги хүртэл суралцаад нийслэлд ирсэн юм. Миний орсон 10 жилийн хоёрдугаар сургуульд шатрын дугуйлан хичээллэж байсан нь надан их тус болсон билээ. Нэг өдөр номын дэлгүүрээр явж байгаад “Шахматы В СССР” сэнгүүлийн дугаарыг төгрөг арван мөнгөөр худалдаж авсан минь миний анхны сурах бичиг болсон юм.
/Шатрын бодлого, нүүдэл бүрийг нь зурж тэмдэглэсэн 1954 оны“Шахматы В СССР” сэтгүүл гаргаж үзүүлэв/
-Таныг тоож шатар нүүх хүн олдодгүй байснаас айлд түлээний мод хөрөөдөж “шовгорт” нь тоглох эрх олж авдаг байсан гэж сонссон юм байна…
-Үнэн шүү. Шатар нүүх дон шүглэж явах үедээ өөрөөсөө ядаж хуруу илүү хүнтэй тоглохыг боддог байв. Гэтэл гайгүй нүүдэг нь тоохгүй сулыг нь би тоохгүй ээ. Анагаахын дээдийн сүрхий нүүдэг нутгийн нэг оюутантай салдаггүй байлаа. Тэр маань бэрс, тэргээ хасаж байгаад л нүүнэ шүү дээ. Эрт үед шатар ховор байхад шатартай айлыг бараадаж нүүж суудаг байсан үе байж л дээ. Харин миний үед шатар элбэг байсан нь азтай явдал шүү.
-Анх ямар тэмцээнд оролцож хэр зэрэг амжилт үзүүлсэн бэ?
-1957 оны оюутан залуучуудын их наадмын шатрын тэмцээнд гайгүй оролцсон юмдаг. Дараа жил нь шиг санагдана. Улсын баяр наадмын үеэр яармагийн талбайд явагдсан тэмцээнд хоёр давчихаад дараа нь нүдээр олзолмоор нэг өвгөнд хожигдож бүр гутарч билээ. Удалгүй улсын аваргын тэмцээнд нөгөө өвгөнтэй дахин таарч дотно танилцсан нь манай улсын алдарт шатарч Сандагдорж гуай байж билээ.
-Таулсынхаа шатрын дөрвөн удаагийн аварга болж байсан. Тэр үеийн улсын аваргад ямар шан хүртээж байв. Аваргын гар дээр 50 төгрөг тавьж байсан гэсэн яриа байдаг юм билээ. “ Шатарт ашиг орлогын асар их боломж байдаг “ гэж Г.Каспаров нэгэнтээ хэлсэн нь үнэний хувьтай биз…
-1960 онд спортын мастер болж 5 жалийн дараа улсын аварга цол хүртэж, 1980, 81, 82 онуудад аваргаа дараалан хамгаалсан. Жаран таван онд улсын аварга болоход 5000 төгрөг өгч байв. Харин дараагийн 3 удаагийн аваргад алтан медаль 50 төгрөг гардсан. Шагнал нь ч яах вэ. Гол нь амжилт гаргах нь чухал гэж боддог үе байлаа. Гарри Каспаровын хэлдэг яах аргагүй үнэн. Гэхдээ энэ үг тасархай шатарчид оногдох хувь заяа болов уу.
-Та дэлхийн шатрын бага олимпид найм, их олимпид есөн удаа, мөн дэлхийн оюутан залуучуудын тэмцээнд ч олон удаа оролцжээ. Амжилт хэр байсан бэ?
-Би олон улсын тэмцээнд 19 настайгаасаа оролцсон. 1967 онд Азийн бүсийн тэмцээнд түрүүлж олон улсын мастер гэсэн хүндэт цолыг эх орондоо анхдагч Үйтүмэнгийн дараа авч ирсэн.
Корчной, Смыслов, Петросян, Глигорич, М. Таль, Р.Фишер, Ларсен нартай тоглож явлаа. 1970 оны олимпид манай баг / Үй түмэн, Жигжидсүрэн, Лхагва/ 70 орны шатарчдаас 16 дугаар байранд шалгарсан нь тэр үедээ дээгүүр амжилт байв.
-Дэлхийн нэрт шатарчидтай өөд өөдөөсөө хараад “байлдаж” суух нь шатарч бүрд оногдох азтай боломж биш байх л даа. Тэдэнтэй өргийн хоёр талд эхлээд сууж байхад сүртэй биз?
-Эхний үед сүртэй л байсан. Эх орны нэрийн өмнөөс гэж бодохоор юу байдгаа л шавхдаг юм. Тэр үеийн социалист бүх орон, Америк, Куба, Швейцар, Тунист т очиж тоглож байлаа. Югославын их мастер Глигоричтэй тэнцэж, Данийн их мастер Б. Ларсен, Чехийн Горт, Америкийн Бирн, Исландын Олофессон нарын нэртэй шатарчдыг хожож явсан.
-”Монголын шатарч Л.Мягмарсүрэн миний хэрэглэдэг хувилбарыг чадамгай сайн эзэмшсэн” гэж В.Корчной нэгэн номдоо бичсэн байсан. Та ер нь цагаан, харын аль шатраар нь тоглох дуртай вэ?
-Тиймээ. Тэр ном нь надад бий. Корчнойгби ихэд хүндэлж явдаг. Онцгой авъяастай хүн. Ихэнх шатарчид цагаанаар нүүх дуртай. Цагаанаар нүүвэл хож, хараар бол тэнц гэсэн үг ч байдаг. Цагаанаар эхэлж нүүхэд гараа авч, хагас нүүдлийн хожоотой байдаг л даа. Харин миний хувьд хараар илүү тоглодог.
-Дэлхийн томчуудаас хэнийг нь илүү хүндэтгэдэг вэ? Манай шатарчдаас хэн хэнийг ирээдүйтэй гэж боддог вэ?
-М.Таль, Г.Каспаров, В.Корчной, нар хосгүй шатарчид. Тэд бол жинхэнэ авъяастай хүмүүс юм. Манайхаас Хатанбаатар, Лхагвасүрэн, Шаравдорж, Батцэцэг нар илүү сайн тоглож байна. Тэдний нөхцөл бололцоог сайн хангаж өгвөл юм дуулгана гэж найддаг.
-Та ер нь өнөөдрийг хүртэл хэдэн өрөг тоглосон бол. . Хамгийн шилдэг өргөө хаана, хэнтэй тоглосон бэ?
Өргийн тооцоо гэвэл овоохон тоо гарах байх. Яг тэд гэж хэлж чадахгүй ээ. Швейцарт болсон шатрын их олимпид Исландын их мастер Олофессоныг хожсон өрөг маань миний хамгийн шилдэг өрөг гэх үү дээ.
-Шатарчдад хэзээ ч мартагдахгүй “ амаа барьж” явдаг өрөг гэж бас байна биз. .
-Байлгүй яах вэ. Москвагийн нэг дүгээр ширээнд олон жил тоглосон их мастер Антошинг хожиж яваад хожигдсоноо санахаар толгой руугаа дэлсмээр болдог юм.
-Тэгвэл магнайгаа хагартал баярласан өрөг гэж бас байх байлгүй…
-Байнаа. Гэхдээ миний хувьд “магнайгаа хагалсан” өрөг олон тохиолдоогүй ээ. Данийн их мастер Б.Ларсенг хожих үед миний баярласан, тэр их мастерийн харамссан хоёр яг тэнцсэн болов уу гэж боддог юм. Нэр цуутай их мастер маань ихэд сандарч хөлсөө байн байн арчиж суусансан.
-Олон улсын “Их тулалдаанаас” хүртсэн үнэтэй цэнэтэй, чамин гоё шагналууд танд олон байх юм. Эдгээрээс алин нь илүү таалагддаг вэ?
-Герман улсад болсон шатрын их олимпийн шаазан таваг, дэлхийн шатрын холбооны 50 жилийн ойн дурсгалын медаль, Ф.Кастрогийн нэрэмжит царс модон шатарт илүү сэтгэлтэй. Дэлхийн бараг бүх их мастерын гарын үсэгтэй шатрын сэтгүүлээ хэдэн ч удаа эргүүлээд уйдаж үзээгүй.
-Шатарчдыг их сонин авир араншинтай хүмүүс гэдэг. Шатрыг хор шар буцалгадаг “ халуун тогоо” гэж нэрлэсэн удаа ч бий. Та өөрийгөө ямар ааштай хүн гэж бодог вэ? Ямар шатраар бэлтгэл хийдэг байсан бэ?
-Хүнээс гажууд зантай хүмүүс дэлхийн томчуул дотор олон бий. Шатар хор шартай тоглоом нь яах аргагүй үнэн. Р.Фишерийг дэндүү хор шартай хүн гэж одоо ч гэсэн ярьдаг юм билээ. Би өөрийгөө зарим үед дэндүү дөлгөөн гэж боддог. Зарим үед ч. . . Оросын модон шатар, Бяцхан соронзон шатраар бэлтгэл хийж дасжээ.
-Шатар спорт уу, эсвэл урлаг уу гэж их маргалдлаа. Таны бодлоор бол. . .
-Шатар бол тэмцэл, урлагийн нэгдэл. Биднийг улсаараа шатарч гэж хэлж болно. Бараг толгой тоот шатар мэднэ. Хүний сул талыг шатар илчилдэг юм. Хүн чанарын шалгуур ч гэж хэлж болно.
Шатарч хүн эрүүл саруул байх ёстой. Шатарчид цагийн дэглэмтэй байхгүй бол сэтгэл мэдрэлээ гэмтээх аюултай.
-Дэлхийн аваргын төлөө тоглож байгаа хоёр шатарч ямар эдээр урласан шатраар нааддаг юм бэ?
-Сайн чанарын модоор урласан шатраар тоглодог юм билээ.
-Шатар, гипноз хоёр салшгүй холбоотой. Шатрын томчуул өөрийн гэсэн гипнозын хүн дагуулж явдаг гэж ярьдаг. Энэ талаар таны бодлыг сонсвол…
-Гипноз байдаг гэж би итгэдэг. Энэ талаар талаар сонирхуулж ярих зүйл надад бий.
Ү.Даваасүрэн
Эх сурвалж: http://www.dandaa.mn/index.php?pageID=11&type=one&msg=one&catID=58&objID=17978
Товч мэдээлэл
- MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ
Only registered users are allowed to post