Азид байхгүй шатрын ордон шинэ спорт цогцолборын ойролцоо сүндэрлэнэ

Монцамэ. 2010.03.09

Бид энэ удаагийн дугаартаа Шатрын холбооны ерөнхийлөгч С.Энхцагийг урьж ярилцав. 

-Шатрын холбоогоор сонин юу байна вэ, сүүлийн үед ямар уралдаан тэмцээнд тамирчдаа сойв?

-Саяхан Монголын ахмад шатарчдын тэмцээн амжилттай боллоо. Манай үе үеийн ахмад шатарчид оролцсон. Шатрын холбооны хувьд энэ жил онцгой жил Учир нь дэлхийн шилдэг эмэгтэй тамирчдын гран при тэмцээн манайд долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр болох юм. Бэлтгэл ажил эхлээд явж байгаа. 
Тамирчдын визийн асуудлыг дэлхийн шатрын холбоотой ярьж шийдэж байгаа. Тэмцээн болох байраа товлосон. Шинэ спортын төв ордон наадмаас өмнө ашиглалтад орох юм билээ. Тэнд тэмцээнээ явуулна. Тэмцээн зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Үндэсний зохион байгуулах хороо байгуулж ажлаа нарийн хувааж авах юм. 
-Шатрын ордон барих асуудал юу болж байна вэ, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Илюмжинов Монголд Азид байхгүй ордон барьж өгнө гэж амласан амлалт юу болж байна вэ?
-Шатрын ордонтой болох нь  манай шатар сонирхогч Монголын ард түмний мөрөөдөл. Газрын асуудал шийдэгдсэн. Шинэ барьж буй спортын төв ордны ойролцоо Нисэхийн баруун урд талд газар өгсөн.  
Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов манайд ирэх үеэрээ Монголын хүүхэд багачуудад шатрын ордон барьж өгнө гэдгээ амласан. Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг шиг, хэчнээн үнэ өртөгтэй босох вэ, энэ тэр гэж тодорхой асуугаагүй. Өөрийнх нь хэлснээр бол Монголд Азид байхгүй шатрын ордон байгуулна гэж хэлсэн. Ямар ч байсан газраа авчихлаа. 
-Та ЕБС-ийн хичээлийн программд шатрын хичээл оруулна гэж ярьж байсан. Энэ тухайгаа БСШУ-ы сайдад уламжилсан уу?

-Энэ асуудлыг нэлээд дээрээс ярьсан. Кирсан Илюмжинов манайд ирэх үеэр ч ерөнхийлөгчид шатрын сургууль байгуулах нь чухал гэдгийг хэлж байна лээ. 
ЕБС-ийн хичээлийн программд оруулахын тулд наана нэлээд бэлтгэл ажил хэрэгтэй. Заах багш, дасгалжуулагч, сурах бичиг ямар байх вэ зэрэг судлах ажил нэлээд байгаа. Бид туршлага судлах зорилгоор ЕБС-д шатар заадаг улс орноор явж үзсэн. 
Ер нь  нийслэлийн бүх дүүргүүдэд шатрын сургууль байгуулах зорилт тавьж байна. Бага ангийнханд зориулсан шатрын ном хэвлэсэн. Энэ номоо бага насны хүүхдүүдэд тараах юм. Шатрын 64 хөлгөөс эхлээд шатрын дүрс, хоёр нүүдлийн “мад” заасан, сонирхолтой ном гарсан. Ойрын жилүүдэд ЕБС-иудад шатрын хичээл орох нь дамжиггүй. Монгол оронд оюунлаг чадвартай ирээдүй бий болоход шатрын спорт чухал үүрэгтэй гэж боддог. 
-Барс жилд манай шатарчдыг олон улсын чанартай ямар ямар уралдаан тэмцээн хүлээж байна вэ?
-Уламжлалт тэмцээнүүд бүгд болно. Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, оюутны дэлхийн аваргын тэмцээн болно. Бидний хамгийн их ач холбогдол өгч байгаа тэмцээн бол манайд болох дэлхийн эмэгтэй шатарчдын гран при тэмцээн нь л дээ. 
Манайх зохион байгуулж байгаа орон гэдэг утгаараа нэг тамирчин оролцоно. Ер нь энэ тэмцээн чинь цуврал тэмцээн л дээ. Дэлхийн аваргын тэмцээний хооронд болдог цуврал зургаан тэмцээний нэг нь манайд болж байгаа юм шүү дээ. Гран при тэмцээнд амжилттай оролцож эхний байрт шалгарсан тамирчин дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөх эрхтэй болдог. 
Манайд болж байгаа нь үнэхээр ач холбогдолтой. Хүүхдүүдийг шатарт дуртай болгох, шатрын спорт хөгжүүлэх, дэлгэрүүлэхэд чухал өндөр ач холбогдолтой.

Эх сурвалж: http://www.montsame.mn/index.php?option=com_news&task=news_detail&tab=201003≠=320

 

Товч мэдээлэл

Latest Message: 5 months, 2 weeks ago
  • MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ

Only registered users are allowed to post

Нэвтрэх

Copyright © 2012 MongolChess.com 2003-2011 архив. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU General Public License.