С.Энхцаг: Мөнгөнтуулыгаа өмнөх цувралуудаасаа илүү амжилт гаргаасай гэж хүсч байгаа

С.Энхцаг: Мөнгөнтуулыгаа өмнөх цувралуудаасаа илүү амжилт гаргаасай гэж хүсч байгаа

“FIDE Woman`s Grand Prix” буюу Дэлхийн Шатрын Холбооны Гран при тэмцээн манай улсад зохион байгуулагдаж, дэлхийн шилдэг 12 эмэгтэй шатарчин өрсөлдөх талаар өмнө нь мэдээлсэн. Тус тэмцээний бэлтгэл ажлын явцын талаар Монголын Шатрын  холбооны ерөнхийлөгч С.Энхцагаас тодрууллаа. 

-Монголд дэлхийн шилдэг 12 шатарчин оюун ухаанаа удахгүй сорих гэж байна. Тэмцээний бэлтгэл ажил хэр байгаа вэ. Дэлхийн шатрын холбоо маш өндөр шалгуур тавьдаг шүү дээ?

-FIDE-гээс баталсан цомын тэмцээний журмын дагуу тамирчдийг дөрвөөс дээш одны зэрэглэлтэй зочид буудалд байрлуулах үүргийг зохион байгуулагч тал хүлээсэн байдаг. Тамирчид анхаарлаа их төвлөрүүлж тоглодог учраас тавигдах шаардлагууд их өндөр. Тухайлбал тоглолт явагдаж байгаа өрөөнд гэрэлтүүлэг хангалттай, ямар ч дуу чимээ гаргахааргүй байх ёстой. Тохирох газрыг нилээд удаан судалсаны эцэст тэмцээнийг “Их тэнгэр” цогцолборт зохион байгуулахаар боллоо. Төрийн өндөр хэмжээний айлчлалуудыг хүлээн авч үйлчилдэг учраас тэмцээнийг өндөр төвшинд зохион байгуулах бүрэн боломжтой гэж зохион байгуулах хороо үзсэн. 

Дэлхийн Шатрын Холбоо болон зочин тамирчид, дасгалжуулагчид их баяртай хүлээж авсан. Хамгийн гол нь тамирчид маш удаан сууж тоглодог. Тийм учраас тоглолтын дараа амарч, тайвшрахад тохирсон цэвэр агаартай, нам гүм  хамгийн тухтай орчин бүрдэж байгаа юм. Зочдыг нислэгийн тийз, визийг зохицуулахад багагүй бэрхшээл гарч байна. Дэлхийн 12 орноос зочид ирж байгаа. Зарим орны иргэд визийг заавал өөр улсаас авах шаардлагатай болж байна. Бид аль болох хүндрэл багатай байлгах үүднээс хил дээрээс түр хугацааны виз олгуулах асуудлыг хөөцөлдөж байна. Техникийн бэлтгэл ажил 50 хувьтай, санхүүгийн асуудал үндсэндээ хүлээлтийн байдалтай сууж байна.  

-Тэмцээнийг зохион байгуулахад хэчнээн төгрөг зарцуулж байгаа вэ. Санхүүгийн асуудал одоо хүртэл шийдэгдээгүй юм уу. Зохион байгуулах эрх авахын тулд  мөнгө төлдөг үү?
-Нийтдээ 280 орчим сая төгрөг зарцуулагдах тооцоо гарсан. Хамгийн хүндрэлтэй асуудал бол дэлхийн шатрын холбоотой байгуулсан гэрээгээр хүлээсэн багц үүргүүдийн санхүүжилт  болох 117.5 мянган еврогийн асуудал байна. Үүнд тамирчдын шагнал, ирж буцах зардал, албаны хүмүүсийн урамшуулал зэрэг багтдаг. Засгийн газар хариуцна гэж тохиролцоод тогтоол гарсан учраас удахгүй шийдэх байх. Урьдчилгаа 10 мянган евро, зохион байгуулах эрхийн 10 мянган евро нийт 20 мянган еврог холбоо зээл аваад төлчихсөн байгаа. 

Соёлын арга хэмжээ, нээлт хаалт, зар сурталчилгаа, Монголын тамирчны бэлтгэл зэрэг хөрөнгө мөнгөний тал дээр шийдсэн байх ёстой маш олон асуудал байна. Гэхдээ зарим нэг ивээн тэтгэгч байгууллагууд туслахаар амлаад байна. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “Mоннис” компани гэхэд тамирчдын унаа, манай тамирчин Мөнгөнтуулын бэлтгэл, дасгалжуулалтын зардал болон сурталчилгааны зардлын зарим хэсгийг хариуцахаар болсон. “Оюутолгой” компани багагүй хэмжээний мөнгөөр ивээн тэтгэж байгаа. Үндэсний үйлдвэрлэгч “Гоёо” компани ивээн тэтгэгчээр оролцохоо мэдэгдээд байна. Энэ дашрамд шатрын спортыг дэмжиж, туслаж байгаа ивээн тэтгэгч нартаа баярласнаа илэрхийлье.  

-Их мастер Б.Мөнгөнтуулын амжилт дэлхийн хэмжээний том тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахад маш их нөлөөлсөн. Бэлтгэлээ хаана хийж байгаа вэ. Гадны дасгалжуулагч ирж хамтарсан бэлтгэлд гарсан гэж сонссон?
-Гайхамшигтай, сод авьяастай Мөнгөнтуул охин Монголчуудад заяасан нь маш том хувь заяа. Манай их мастер Батхуягын Мөнгөнтуулын амжилт байнга өсч биднийг олон удаа баярлуулж байгаа. Цуврал тоглолтонд ч амжилттай тоглож байгаа. Монголын Шатрын Холбоо FIDE-д хүсэлт тавьж ОХУ-аас өндөр зэрэглэлийн дасгалжуулагч урьж авчирсан. Бэлтгэл дасгалжуулалт эхэлсэн байгаа. Бидний хувьд Мөнгөнтуулыгаа өмнөх цувралуудаасаа илүү амжилт гаргаасай гэж хүсч байгаа. Дэлхийн дөрвөн аварга оролцож байгаа энэ удаагийн цуврал маш ширүүн өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй. 

Өнөөдөр дэлхий дээр өдөр бүр дөрвөн сая гаруй хүн интернэтээр шатар тоглож, шатартай холбоотой мэдээллийг тогтмол авч байдаг гэсэн албан ёсны тоо байдаг. Тэгэхээр долдугаар сарын 29-нээс наймдугаар сарын 12-ны хооронд дөрвөн саяас ч илүү их хүн зөвхөн Улаанбаатарын зүг анхаарлаа хандуулж, дэлхийн шилдэг 12 шатарчин хэрхэн тоглож байгааг сонирхоно. Энгийнээр бол 280 сая төгрөг зарцуулж байгаа боловч хэдэн арван сая хүнд Монгол Улсаа оюуны спортоор дамжуулан сурталчилах асар том боломж шүү.      

-Өмнөх цувралуудыг харж байхад тамирчдын шагнал их өндөр юм билээ?
-Тийм ээ. ДШХ-ноос тогтоосон жишгийн дагуу тоглогчид шагналын сангийн 40 мянган еврог байр эзэлсэн дарааллаараа хувааж авдаг. Цуврал бүрээс нэмж 10 мянган еврог шагналын нөөцийн санд төвлөрүүлдэг. Нийт зургаан цувралаас төвлөрүүлсэн шагналын сан 60 мянган еврог байр эзэлснээр нь нэмж шагнадаг юм. 

-Тэмцээн бүрт FIDE-гийн ерөнхийлөгч, Халимаг улсын ерөнхийлөгч К.Илюмжинов оролцож, тамирчдын шагнал гардуулдаг. Манай улсад ирэх үү?
-Ирэлгүй яахав. Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, гүйцэтгэх захирал Берик Балгабаев, худалдаа хариуцсан захирал Ж.Борг нар ирэхээ урьдчилсан байдлаар мэдэгдсэн. Үүнээс гадна албаны таван хүн ирж ажиллана. 

-Тэмцээний талаарх мэдээллийг хүмүүст яаж хүргэх вэ. Маш удаан хугацаанд тоглодог, нам гүм байх ёстой гэхээр телевизээр дамжуулах боломжгүй юм аа?

-Тэмцээний талаар FIDE-гийн албан ёсны сайтад шууд мэдээ, мэдээллийн оруулдаг. Манай холбооны зүгээс ч бас албан ёсны сайт нээсэн байгаа. Тоглолтын хугацаа нилээд урт байдаг учраас тэмцээнийг шууд дамжуулах боломж бага байна. Шатар сонирхдог хүмүүст зориулж 2-3 газарт тус бүр зургаан дэлгэц байрлуулж тоглолтын явцыг цахим сүлжээгээр шууд дамжуулна. Тийм болохоор нүүдэл бүрийг шууд үзэх боломжтой. Мөнгөнтуулын бүх өргийг болон бусад сонирхолтой өргүүдийн талаар задалж тайлбарлуулахаар төлөвлөөд байгаа. 

-Манайд улс шатрын ордон хэзээ сүндэрлэх бол. Нэг хэсэг шуугиад чимээгүй болчихлоо?
-FIDE-гийн ерөнхийлөгч Халимаг улсын Ерөнхийлөгч К.Илюмжинов Азид хамгийн том, хамгийн гоёмсог шатрын ордонг барьж өгөхөөр амласан. Тэмцээний үеэр шатрын ордны шав тавих ёслол болно. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Мөнхбаярт болон нийслэлийнхээ бусад удирдлагууд, асуудал хариуцсан албаны хүмүүст бүгдэд нь шатрын спортыг дээдэлдэг хүн бүрийн өмнөөс маш их баярлалаа гэж хэлье. Шатрын ордон байгуулах нэг га газар олгох захирамж гардаж аваад холбооныхон хөл газар хүрэхгүй баярлаж явна. Барьж өгөх хугацаа, санхүүжилтийг түргэвчлэхэд энэ удаагийн дэлхийн хэмжээний тэмцээнийг хэрхэн зохион байгуулж байгаа нь их нөлөөлнө.

Б.Ирээдүй

эх сурвалж: http://news.gogo.mn/r/73531

Товч мэдээлэл

Latest Message: 5 months, 2 weeks ago
  • MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ

Only registered users are allowed to post

Нэвтрэх

Copyright © 2012 MongolChess.com 2003-2011 архив. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU General Public License.