Миний сонирхдог төрөл - хамжаа мад.
“ӨНӨӨДӨР” сонин 2003-11-15 №268
Миний сонирхдог төрөл - хамжаа мад
Саяхан шатрын бодлого зохиогч Л.Тогоохүүтэй ярилцснаа Та бүхэнд толилуулъя.
Шатрын бодлого гэж чухам юу вэ, хэдийд үүссэн юм бол?
-Шатрын бодлого зохиомжийн түүх,үүсэл хөгжил, төрөл, онол, санаа сэдвийн талаар товчхон ч болов яръя гэхэд цаг их шаардагдах болно.Эдгээр асуудлаар “Шатрын тойм” сэтгүүлийн бодлого зохиомжийн буланд цуврал материал нийтлэгдэж байгаа.
Заримаас нь товч боловч дурьдана уу?
-Төрлийн хувьд гэхэд л хоёр ба гурван болон олон нүүдлийн мадын бодлого, тэнцэх буюу хожих этюд гэж ангилдаг.Эдгээр үндсэн уламжлалт төрлүүд нь хөгжимтэй зүйрлэвэл сонгодог хөгжим гэсэн үг юм даа.Харин урвуу ба хамжаа мадын болон үлгэрийн шатрын бодлогууд нь рок,поп хөгжим болон орчин үеийн бусад урсгал,чиглэлтэй адилавтар юм.
Монголд хэдэн бодлого зохиогч байдаг вэ?
-Цөөхөн дөө,тоолоход гарын арван хуруу хүрэлцээтэй.XVIII-XIX зууны үеийнх шиг бодлогууд хуучирсан,орчин үед бодлого зохиомжийн онол төгс боловсронгуй болж шинэ бодлогын үнэлгээнд тавигдах шаардлага өндөрссөн нь зохиох дур сонирхолтой зарим “партизан” хүмүүст хэцүү даваа болсон байж магадгүй.1990 оноос хойш зохиогчдын эгнээ өргөжөөгүй нь зах зээлийн шилжилтийн бэрхшээлтэй ч холбоотой байж болох юм.Тэгээд ч бид зуу гаруй жилээр хоцорч яваа шүү дээ.
Манай оронд шатрын бодлого үүсч хөгжсөн талаар,өөрийнхөө “ажлын” тухай танилцуулна уу.
-Монгол орон шатрын эртний уламжлалтай,уран сайхны хожил олныг бүтээсэн хэдий ч шатрын тогтмол хэвлэл байгаагүй нь орчин үеийн бодлого зохиомж сурталчлагдаж улмаар нийтийг хамран эрчимтэй хөгжихөд сөргөөр нөлөөлсөн юм.Харин бодлого зохиомжийн олон улсын хэмжээний мастер, олон улсын шүүгч С.Чимэдцэрэнгийн ихээхэн санаачлага,зүтгэлийн үр дүнд 1970-1980 аад оны үед бодлого зохиогчдын нэгэн үе төрж бойжин дэлхийн томчуудтай эн тэнцүү өрсөлдөх болсон.
Миний хувьд гэвэл БТС-ын “Хүч” нийгэмлэг, “Таван цагариг” сонины ивээл,дэмжлэгээр бодлого зохиох олон улсын сэдэвт хэд хэдэн уралдааныг санаачлан зохион явуулж Монгол орноо дэлхийн шатрын хөлөг дээр сурталчлахад бага боловч хувь нэмрээ оруулсан.
Заримаас нь тодруулна уу.
-Таван цагариг сонины газраас Монголын Үндэсний Эрх Чөлөөний Хөдөлгөөний 90 жилийн ойд зориулан миний дэвшүүлсэн сэдвээр зарласан олон улсын уралдаанд 23 орны 98 зохиогчийн 200 гаруй бүтээл оролцлоо.Энэ уралдаанд манай Б.Буяннэмэх, Г.Лхагвасүрэн, Ц.Сэр-Од, Г.Цогнийсүрэн, С.Чимэдцэрэн нар өндөр амжилт үзүүлсэн юм.
Монголд бодлого зохиогчид цөөн байдгаас харахад зохиох нь тоглохоос хэцүү гэж үзэж болох уу, өөрөө яагаад ийм хэцүү хоббитой болов?
-Бодлого зохиомж нь практик тоглолтын уран сайхан комбинациудын үр дүнд үүссэн,бодлогын сэдэв санаа эргээд практик тоглолтод нэвтрэн хэрэгжиж байдаг хэдий ч бие даасан онол, дүрэм журамтай учир зохиох нь үнэхээр хэцүү, товчхон хэлэхэд туйлбартай хүний оролдох зүйл юм.
Бодлого зохиох нь богино хугацаанд алдар нэр, ашиг хонжоо олчихдог үйл ажиллагаа биш учир аль ч улс оронд зохиогчдын тоо нь тоглогчдынхоос цөөн байдаг.
Багадаа тооны хичээлд сайн байсан (Математикийн улсын анхдугаар олимпиадын /1965 он/ 9-р ангиудын, удаахад Улаанбаатар хотын аварга болж олон улсынхад оролцсон) маань шатрын бодлого бодох хоббитой болгосон хэрэг.Шатрын болон бусад олон сонин,сэтгүүлд бодолтын уралдаан байнга зохиогддог Орос оронд суралцах хугацаанд тэдгээрт удаа амжилттай оролцон, гадаадын зохиогчдын өчнөөн сайхан бодлогуудыг бодож байхад “Монгол хүн бас ийм зохиож чадах ёстой” гэсэн бодол төрж, улмаар тэдгээр зохиогчдын адил эх орныхоо нэрийг 64 буудалт “бяцхан” дэвжээнд гаргах юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөн бодлого зохиомжоор оролдож өдийг хүрлээ.
Бодлого зохиомжийг хөгжүүлэхийн тулд цаашид юу хийх хэрэгтэй гэж үздэг вэ?
-Бодлого бодох уралдаан,тэмцээний тоог олшруулах нь чухал.Энэ талаар манайд хэвлэгдэн гарч буй олон сонины 10 сонин тутмын нэг нь өөрийн байгуулагдсан өдрөөр нэрэмжит уралдаан зарлан явуулж байхад л хангалттай.Сүүлийн үед эцэг,эхчүүд хүүхдийнхээ оюжн,сэтгэлгээний хөгжилд гойд анхаарч,шатарт сургахыг чухалчилдаг болсон тул хүүхдийн сонинууд бодолтын уралдаан тогтмол зохион явуулбал ирээдүйн зохиогчид төрөн гарах горьдлого байна.
Манайд бодолтын уралдаан аль хир зохиогдож байв, ер нь шатарчид бодлого бодох дуртай юу?
-1990 оноос өмнө “Спортын мэдээ”, “Пионерын үнэн”, “Улаан-Од” зэрэг сонин бодолтын уралдаан тогтмол зохиож 40-60 ородлцогчид тогтмол хамрагддаг байлаа.Тэдгээр хүмүүс тухайн үед мөнгөн шагналын төлөө бус зөвхөн өөрсдийнхөө ур чадвараа сорихоор оролцдог байв.Шатарчдаас ОУМ Ц.Лхагвасүрэн сурагч байх үеэсээ бодолтын уралдаанд тогтмол амжилттай оролцдог байсан.
Тэр Халимагийн Элстэй хотноо 1998 онд явагдсан Дэлхийн шатрын олимпиадын үеэр зохиогдсон бодолтын тэмцээнд түрүүлсэн билээ.ФМ Ж.Лхагва,Г,Алтан-Оч нар бодолтын удаа дараагийн тэмцээнд амжилттай оролцож байсан шилдэг бодогчоос гадна зохиох талаар ч зохих мэдлэгтэй шатарчид юм.
Та дээр дурьдсан бодлого зохиомжийн бүх төрөл дээр ажилладаг уу?
Саяхан болтол уламжлалт үндсэн төрлүүдээр бодлого зохиож байв.Бүх төрлөөр тогтмол амжилт гаргах тун хэцүү,авъяас чадвар, асар их цаг хугацаа болон мэдээллийг тухайн зохиогчоос шаардаж таарна.Би ч яахав хоёр туулай хөөсөн анчны үлгэрийг санаж, сүүлийн үед моодонд орон хөгжиж байгаа хамжаа мадын бодлогын төрлийг сонгон авч оролдож байна.2002 онд ОХУ-д хэвлэгдсэн Шатрын бодлого зохиомжийн нэвтэрхий тольд хамжаа мадын 3 бодлого маань багтсан байна билээ.
Өөрийнхөө нэг бодлогыг тайлбарлаж өгнө үү.
ОХУ-ын Магаданд 1997 онд явагдсан олон улсын уралдаанд түрүүлсэн бодлогоо үзүүлье.

# 3 4+3
1.Be5! (цугцванг)
1…Kc1 (a) 2.R:a1 (A) Kb2 (b) 3.B:c3 (B) #
1… Kb2 (b) 2.B:c3 (B) Kc1 (a) 3.R:a1 (A)
(1…Bb2 2.Bc2 Kc1 3.Bf4 #)
Хар,цагаан талуудын бүх нүүдлийн солигдлыг (ab+ba)+(AB+BA) үзүүлсэн буцалтын туслах хувилбартай бодлого.
Ярилцсан С.Батбаатар
Товч мэдээлэл
- MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ
Only registered users are allowed to post