Т.Мөнхзул: Дэлхийн аварга болохыг мөрөөддөг
“Таван цагариг” сонины 2011-5-19ний өдрийн №39-д нийтлэгдсэн.
Т.Мөнхзул: Дэлхийн аварга болохыг мөрөөддөг
Монголын өсөх ирээдүйтэй шатарчдын нэг Төрмөнхийн Мөнхзул охин Польшид болсон сурагчдын ДАШТ-ээс мөнгөн медалиар энгэрээ мялаасан билээ. Долоон настайдаа өсвөр үеийнхний ДАШТ-д дөрвөөс тавдугаар байр эзэлж, өнгөрсөн жил Азийн АШТ-ээс багийн хүрэл медаль хүртсэн зэрэг үзүүлэлтийг жагсаавал тэр үеийнхнээ маргаангүй манлайлж буй. Эцэг, эх нь ганц охиныхоо авьяасыг хөгжүүлэхийн төлөө бүхнийг харамгүй зарцуулдаг учраас ачийг тусаар хариулах бодол түүний бяцхан оюунд нь аль хэдийнэ шингэжээ. Түүнийг уншигчидтайгаа уулзуулья.
-Миний дүү А.Энхтуул эгчийнхээ гаргасан мөрөөр замнаж, сурагчдын ДАШТ-ий дэд аварга боллоо. Зургаа хожиж, хоёр тэнцэн, нэг хожигдсон үзүүлэлтээр хоёрдугаар байр эзэлсэн шүү дээ. Тэнцээг хожил болгох боломж байсан уу?
-Сурагчдын ДАШТ-д анх удаа оролцохдоо мөнгөн медалийн болзол хангасандаа баяртай байна. Энэ тэмцээнд оролцсон бүх өрсөлдөгч сайн байсан. Надад медалийнхаа өнгийг хувиргах боломж байсан ч шийдвэрлэх үед алдаа гаргаснаар Болгарын шатарчинд хожигдчихсон. Миний хувьд түүнээс хүү илүү байсан боловч буруу нүүдэл хийснээр санамсаргүй ялагдсан. Цаашдын тоглолтод ийм алдаа гаргахгүйг хичээсэн дээ.
-Мөнгөн медаль хүртэх үед төрсөн сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Медаль авах маш гоё. Ялангуяа томоохон тэмцээний үеэр улсынхаа нэрийг мандуулах сайхан төдийгүй, олон орны хүүхэдтэй танилцаж нөхөрлөдөг. Сурагчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэний дараа аав маань баяр хүргэж үнсэхэд сэтгэл хөдөлсөн.
-Сурагчдын ДАШТ-д таарсан өрсөлдөгчидтэйгөө өмнө нь ОУТ-д тоглож байв уу?
-Болгар, Казахстаны охидтой өмнө нь хэд хэдэн удаа тоглож үзсэн.
-Сурагчдын ДАШТ-д ирэх жил оролцох уу?
-Оролцоно. Алтан медаль авахын төлөө тоглоно.
-Аав нь чамайг дасгалжуулдаг гэл үү?
-Тийм ээ. Компьютерийн системийн мэргэжилтэй ч бүх л цаг хугацаагаа миний бэлтгэлд зориулан, сайн шатарчин болгохын төлөө тэмүүлж байгаа аавдаа баярлаж явдаг. Ямар ч үед өөрийнхөөрөө тоглохыг тэр зөвлөдөг. Аав маань компьютероос гараа зааж, номноос бодлого бодуулдаг юм.
-Шатраар хичээллэснээс хойш миний дүү ямар амжилт гаргаад байна?
-2010 оны Азийн АШТ-ий багийн хүрэл, өсвөрийн ДАШТ-ий дөрвөөс тавдугаар байрын шагналт. Өсвөр үеийн УАШТ-д хоёр удаа түрүүлсэн. “Цодгор хүү” тэмцээний түрүү байрын шагналт.
-Хөлөгт тоглоомтой нөхөрлөсөн шалтгаан юу вэ?
-Гурван настайдаа шатар тоглож сурсан юм. Үүнээс хоёр жилийн дараа өсвөр үеийнхний УАШТ-д оролцоод нэг охиныг хожсон. Харин өнөө охин маань шүүгчид тэнцсэн гээд тэмдэглүүлчихсэн байсан. Маргааш нь би тоглосон өргөө санаж, шүүгчид хэлсэн юм. Аав минь энэ бүхэнд урамшин, намайг шатарчин болгохоор шийдсэн.
-Өсвөр үеийн ДАШТ-д тавдугаар байр эзэлсэндээ сэтгэл хангалуун байсан уу?
-УИХ-ын гишүүн Х.Наранхүү ах намайг спонсорлон, анх энэ тэмцээнд оролцуулсан юм. Ээжээсээ холдож үзээгүй болохоор хэцүү санагдсан. Тус тэмцээнд тэргүүлэгчийг хожиж явсан ч ээжтэй утсаар яримаар санагдан, яарч нүүгээд хожигдсон. Дараа нь Энэтхэгийн Баси Братхама гэж охинтой тоглохдоо ахиад л ийм алдаа гаргасан. Одоо би тэр үеэсээ өөрчлөгдсөн.
-Сурагчдын ДАШТ-ий эхний өрөгт таарсан өрсөлдөгч Польшийн охин байсан шүү дээ?
-Тийм ээ. Тоглохын өмнө тэр надад польшуудын шүтдэг лууны дүрс бүхий дурсгалын зүйл бэлэглэсэн.
-Удаан сууж боддог юм чинь зарим тоглолтод ядардаг уу?
-Үгүй ээ. Энэ бүхнээс шантарч болохгүй. Тоглохын өмнө нойроо сайн авдаг учраас нэг их ядардаггүй.
-Сурагчдын ДАШТ-д оролцох зардлаа хэрхэн зохицуулсан бэ?
-Аавын найзууд тусалсан. “Тридум” компанийн захирал Ч.Сүхбаатар, “Монгол контент” компанийн захирал Алтангэрэл, Багануур ХК-ийн дарга Дамбапэлжээ, Энхбат нарын ах нартаа талархлаа илэрхийлье.
-“Монгени” цогцолборын гуравдугаар ангийн сурагч Зулаа ирээдүйд ямар мэргэжил эзэмшихийг хүсдэг вэ?
-Би япон хэл, математик, монгол хэл, дүрслэх урлагийн хичээлд дуртай. Ирээдүйд шатарчин, мөн эмч болох хүсэлтэй. Насанд хүрэгчдийн дэлхийн аварга болохыг мөрөөддөг.
-Хүндэлдэг шатарчин гэвэл...
Монголынхоо бүх шатарчинг хүндэлдэг. Гадаадын шатарчдаас Ю.Полгар, А.Костенюк, Хоу Ифань, М.Чибурданизе гээд л үлгэр дууриалал үзүүлдэг тамирчин олон.
-Шатраас гадна ямар спорт сонирхдог вэ?
-Ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол тоглож, гүйлтээр хичээллэх дуртай.
Ярилцсан “Таван цагариг” сонины сурвалжлагч Б.Өлзийтогтох
(Ярилцлагын файлыг олж илгээсэн Л.Тогоохүү)
Товч мэдээлэл
- MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ
Only registered users are allowed to post