А.Энхтуул: Шатрын сургуультай болох миний хамгийн том мөрөөдөл
А.Энхтуул: Шатрын сургуультай болох миний хамгийн том мөрөөдөл
Шатрын дэлхийн өсвөрийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн тамирчин бол А.Энхтуул. Тэрбээр өдгөө Дэлхийн шатрын холбооны менежерээр ажиллаж байна
-Наадмын өмнөхөн тэмцээнд оролцохоор явсан гэж сонссон. Хаана, ямар тэмцээнд оролцоод ирэв?
-Өнгөрсөн сарын 1 -нд дэлхийн аварга Хоу Ифань найзынхаа урилгаар Бээжинд Хятадын шигшээ багийнхантай бэлтгэл хийсэн. Тэгээд бэлтгэлээ шалгах зорилгоор Буриадад зохиогдсон “Байкальские Зори-2011″ шатрын наадамд оролцоод ирлээ. Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байрт шалгарсандаа баяртай байна. Сайн амжилт үзүүлсэн гэж бодож байгаа.
-Ойрын үед ямар тэмцээнд оролцохоор бэлтгэж байна вэ?
-Оролцохоор төлөвлөсөн тэмцээн олон байгаа. Өнгөрсөн долоо хоногт ОХУ уруу явах байсан ч ажил гараад түр хойшилчихлоо.
-Хэдэн настайгаасаа оюуны спортоор хичээллэж эхэлсэн бэ?
-Есөн настайдаа шатар тоглож сурсан. Миний анхны шатрын багшийг Ц.Батболд гэдэг. “Төр монгол” дунд сургуулийн захирал байсан юм. Дунд сургуульд байхдаа багштайгаа танилцаж, “Төр монгол” шатрын клубт хичээллэх болсон. 2006 онд Чехийн Пардубице хотод дэлхийн өсвөрийн шатарчдын багийн аварга шалгаруулах тэмцээн болж Ц.Сайханчимэг, Ц.Саруул, Н.Бадамханд нартай анх оролцож байсан.
Тэмцээнд оролцохоор явахдаа олон орны шатарчидтай халз үзэж, дэлхийн аварга багаар шалгарч алтан медаль зүүгээд ирнэ гэж бодоогүй. Энэ тэмцээн бидэнд их урам өгсөн. Тэмцээний дараа Ц.Батболд багш АНУ уруу явахаар болж Гавьяат дасгалжуулагч Г.Жигжидсүрэн багшаар удирдуулахаар болсон. Түүнээс хойш өнөөг хүртэл багшийнхаа зааж сургаснаар явж байна.
-Төрлөөсөө хамаараад тамирчдын бэлтгэлээ базаах хугацаа, арга барил өөр. Оюуны спортынхон хэрхэн бэлтгэлээ хийдэг вэ?
-Өдөр бүр бэлтгэл хийх шаардлагатай байдаг. Тэмцээн дөхөөд ирэхээр эрчимтэй бэлтгэлд ордог. Ер нь бол бэлтгэлийг аль ч спортод өдөр болгон хийх шаардлагатай.
-Гадаадад тэмцээн уралдаанд оролцоход гадаад хэлний мэдлэг чухал. Энхтуул англиар чөлөөтэй ярьдаг болохоор бэрхшээл гардаггүй гэж сонссон.
-Би англи, хятадаар ярьдаг. Одоо орос хэл сурч байна. Манай тамирчид хэлмэрчгүй явдаг. Тив, дэлхийн чанартай тэмцээнд л Олимпийн хорооноос хэлтэй цөөхөн хүн явдаг юм. Миний хувьд багт ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд орчуулж тусалдаг. Гэхдээ өөрөө ачаалалтай үед тэр болгон хэлмэрч хийгээд явж чаддаггүй. Аливаа спортын төрөлд багт ядаж нэг орчуулагч явах хэрэгтэй.
-Аль байгууллагаар овоглодог вэ?
-”Бороо гоулд”, “Монгол-Чех Металл”-ын тамирчин гэж явдаг.12 настайгаасаа эдгээр байгуулаггаас цалин авч эхэлсэн. Энэ завшааныг ашиглан байгууллагуудынхаа захирал болон хамт олонд баярлалаа гэж хэлье. Бас Биеийн тамир, спортын улсын хороо, Сэлэнгэ аймгийнхандаа талархаж явдгаа илэрхийлье. Би гурван настайдаа Улаанбаатарт ирсэн. Харьяаллаараа би одоо ч Сэлэнгийнх.
-Оролцож байсан тэмцээн уралдаануудаас хамгийн сэтгэлд хоногшсон нь ямар тэмцээн бэ?
-Өнгөрсөн онд Туркийн Кайсери хотод болсон дэлхийн өсвөрийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээн миний хувьд хамгийн сэтгэлд хоногшсон тэмцээн. Тухайн үед өөрийн ангилалд чансаагаараа тэргүүлж байсан шатарчинг хожиж байсан юм. Мөн 12 настай байхдаа оролцсон тэмцээн ч сайхан дурсамж үлдээсэн.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цаг бага гардаг. Энэ жилд гэхэд тавдугаар сард Филиппинд тэмцээнд оролцоод, зургадугаар сард Эрдэнэт, Сэлэнгийн тэмцээнд оролцсон. Тэгээд Хятад явсан. Би 2006 оноос хойш наадам үзээгүй байсан юм. Харин энэ жилийн наадмыг үзлээ. Манай нутгийн бөх сайн барилдсанд баяртай байна.
-Үлгэр дууриал авдаг тамирчин бий юу?
-Надад хэн нэгэн шиг болох юмсан гэсэн бодол байдаггүй. Харин Г.Каспоровтой уулзахыг хүсдэг байсан. Энэ хүслээ өнгөрсөн онд биелүүлсэн дээ. Одоо Хятадын теннисчин Маолин, Ванхау нартай уулзахыг хүсч байна.
-Цаашдаа юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Мэдээж шатраараа хичээллэнэ. Өөр мэргэжилтэй ч болно гэж боддог. Шатраа дагнан сураад мэргэжлийн боловсрол эзэмшээд, таван жилийн дараа дахин өөр мэргэжлээр сурах бодолтой. Надад Америкийн сургуулиас урилга ирсэн. Гэхдээ одоохондоо явахгүй. Сургуулиа төгсчихөөд шатрын сургууль байгуулахсан гэж боддог.
Энэ бол миний хамгийн том мөрөөдөл. Биелнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн боловсролын салбарт өөрийгөө сорихыг хүсдэг. Одоо www.elitebrain.blogspot.com блог хөтөлдөг. Шатарчдын мэдээлэл, тамирчдын намтар зэргийг оруулдаг юм. Бас сэтгүүлч болохыг хүсдэг. Саяхан дэлхийн аварга Хоу Ифань, С.Батцэцэг нараас ярилцлага авсан. Блогтоо удахгүй нийтэлнэ.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Монголын үнэн”
Товч мэдээлэл
- MongolChess : 2003-2011.09 сард ажиллаж байсан mongolChessCom ийн хувилбарыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ
Only registered users are allowed to post